Page 4 - 65th anniversary
P. 4
ИЛЧ ТҮГЭЭСЭН ЖИЛ
1959-2024
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН
МЭНДЧИЛГЭЭ
Тэртээх 1959 оны 09-р сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367
дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт засварыг хариуцах
үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг байгуулан ажиллуулах шийдвэр гарснаар
манай компани анх байгуулагдсан төдийгүй Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем
үүсэн хөгжих эхлэл тавигдсан түүхтэй билээ.
Анх манай байгууллага нь 9 ажилтантай, 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчтэйгээр
ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд их хотын хөгжил цэцэглэлт, бүтээн
байгуулалтын ажлуудтай уялдан өдрөөс өдөрт, жилээс жилд өсч хөгжин, хамрах хүрээгээ тэлж
Улаанбаатар хэмээх их хотыг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах эрхэм үүргээ
нэр төртэйгээр биелүүлэн ажиллахаас гадна хөдөө орон нутгийн 21 аймгийн төвийн горимын
тооцоо, тохируулга, зүгшрүүлэг, дулаан хангамжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хариуцан,
мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Сүүлийн 5 жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 94.12 тэрбум төгрөг,
Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 137.18 тэрбум
төгрөг, компанийн өөрийн хөрөнгөөр 24.13 тэрбум төгрөгийг дамжуулах сүлжээний дулааны
шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд зарцуулж, ашиглалтын байдал муудсан дамжуулах
сүлжээний 16 хувийг шинэчлэн сольж, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Баянхошуу,
Яармаг, Амгалан, 1-р хороолол, VII Бичил хороолол 37.28 км урттай дулааны шугамыг шинээр
татаж дулаан хангамжийн хамрах хүрээг тэлж, найдвартай ажиллагааг дээшлүүлэн түүхт 65
жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна.
Манай байгууллагын хамт олны сэтгэл, зүтгэл шингэсэн бүтээн байгуулалтын ажлууд, ололт,
амжилт, хөдөлмөрийг Төр засгаас үнэлж “Шилдэг менежменттэй байгууллага”, “Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одон”, Эрчим хүчний салбарын “Шилдэг байгууллага” зэрэг нэр хүндтэй
шагналуудаар шагнасан бахархам үйл явдлууд болж өнгөрлөө.
Цаашид манай байгууллага дулааны эрчим хүчийг түгээх хариуцлагатай бөгөөд хүндтэй
үүргээ мэргэжлийн ур чадвараар биелүүлэхийн зэрэгцээ олсон ололт амжилтаа улам бататгаж,
компанийн эрхэм зорилго, алсын хараа, чанарын бодлогын дагуу төлөвлөсөн зорилтот ажлуудыг
хийж гүйцэтгэн ухаалаг сүлжээг бий болгож, Монгол улсынхаа дулаан хангамжийн системийг
дэлхийн жишигт хүртэл хөгжүүлэн, хэрэглэгчдэд зориулсан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн, ард
иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг улам сайжруулан хичээн ажиллах
болно.
Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн зүрх, амин судас нь болж, илч
дулааныг түгээх эрхэм, ариун үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, мэдлэг ур чадвараа дайчлан сэтгэл
оюунаа зориулан ажиллаж байгаа илч гэрлийн эзэд болсон инженер, техникийн ажилтан нийт
хөдөлмөрийн хамт олондоо, үе, үеийн удирдлагууд, дундаршгүй туршлагаа харамгүй хуваалцаж
байдаг ахмадууд болон Эрчим хүчний салбарын хамт олондоо, хамтран ажилладаг харилцагч
байгууллага, мянга мянган хэрэглэгчид та бүхэндээ Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн
систем үүсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК байгуулагдсаны түүхт 65-н жилийн ойн
мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАЯРСАЙХАН
2