Page 3 - Шарга даага
P. 3

хэдэнтээ булгиснаа бөг бөг шогшив. Дараа нь Төмөр шарга дааганд Галтыг мордуулаад, өөрөө
               хөтөлж адуугаа хэдэнтээ тойров.
                     -Ахаа шарга даага ингээд номхорчихлоо шүү дээ.
                     -Хөтөлж яваа морь догширдоггүй юмаа.
                     -Ахаа тавьчих. Би тантай зэрэгцээд явъя.
                     Галт ингэж хэлээд шарга даагаа гуядаад автал булгиад ухасхийлээ. Галт хэд бухахад нь
               овоо тогтсоноо цулбуурдаад авахтай зэрэгцэн урд бүүргээ даван ойчлоо.
                     -Дахиад мордох уу гэж Төмөрийг асуухад Галт “Тэгье харин та намайг хөтлөөрэй” гэж
               сулхан дуугарлаа. Төмөр дүүгээ өргөж мордуулаад цулбуурдан хөтөлж адуугаа тойрлоо.
                     -Төмөрөө ахаа би өөрөөсөө л болж ойчлоо. Гэнэт гуядахаар цочоод булгисан байх тиймээ.
                     -Тэгсээн. Биеэр том гэлээ ч биднийг бодвол хоёрхон настай нялх адуу шүү дээ. Одоо шарга
               даагаа адуунд нь тавья. Гүйж яваа адуунд саад битгий болоорой гэж аав хэлсэн.
                     -Тэгье. Би ойчсон ч гэлээ шарга даагыг унасан даа баяртай байна.
                     Дорно  зүгээс  үүр  хаяарч,  шувууд  шулганалдаж  эхэллээ.  Ахынхаа  нөмөрт  суугаад
               зүүрмэглэж байсан Галт цочиж сэрээд,
                     -Ахаа шарга даага байна уу? гэлээ.
                     -Чи яав аа. Үүр дөнгөж хаяарч байна. Шарга даага хулгар хээр морины нөмөрт хэвтээд
               унтаж байна.
                     -Би Шарга даага чанга гуядлаа гэж надад гомдоод яваад өглөө гэж зүүдэллээ.
                     -Чи одоо унтмаар байна уу?
                     -Үгүй би шарга даагаа унтаж байхыг хармаар байна.
                     -Шарга даагаа гэнэ шүү. Ямар биднийх болчихсон биш.
                     -Гүйгүүл морь айлын адуунд хонодоггүй гэсэн. Одоо ч манайх болсон байхаа.
                                                           *** ****
                     Хүүхдүүд ургах нарнаар адуугаа хурааж гэрийн зүг гиллээ.
                     Уяан дээр хөвгүүдээ тоссон аав нь “Адуу сайхан тогтож хонов уу” гэснээ “Галт наад духаа
               яагаав” гэлээ.
                     Галт “Мориноосоо ойчоод. “гээд инээвхийллээ.
                     -Юу инээх гэж дамшиг чинь. Үүргэлж яваад мориноосоо унаж дээ. Тэгсэн биз Төмөрөө.
               Дүүгээ хараад явж чадахгүй гэснээ шарга даагыг анзаарч харлаа. Төмөрөө ч нүүр нь улсхийснээ:
                     -Ааваа уяа морьдоо барих уу гээд уургаа сунгалаа.
                     Морьдоо барьж, унагаа зэллэчхээд Галт, Төмөр хоёр сая гэртээ орж айраг залгиллаа.
                     Ээж нь Галтыг хараад тэвэрч авснаа:
                     -Нялх амьтнаар адуу мануулаад. Хар даа энэ духыг нь цөмлөх шахаж гэж аавыг нь үглэхэд
               Бадам гуай:
                     -За гайгүй дээ жаахан шалбархай. Харин эд миний үгэнд орсонгүй. Амьтны нялх үр төл
               ижлээ олохгүй будилж явахад адуундаа ганц хонуулахгүй барьж унасан байна.  Шарга даага
               булгиулж байж унасан биз. Төмөрөө би чамд хэлсэн дээ. Гүйж яваа амьтныг саатуулдаггүй юм
               гэж. Гэтэл чи.
                     Ингэж хэлээд аав нь жирэм бариад ухасхийтэл Галт аавыгаа тэврэн:
                     -Би ахыг гуйгаад байсан юм. Шарга даагыг сургаж өгөөч гээд гуйсан гэж хэлээд мэлмэртэл
               уйллаа.
                     Гэрт нэг хэсэг нам гүм болов.
                      Бадам гуай жаал дуугүй сууснаа:
                     -За хүүхдүүд минь Энэ даага их холоос зүдэрч ирсэн адуу. Ямартай ч манай адуунаас нэг
               хэсэгтээ явахгүй нь болтой. Одоо тэгэхээр өдөр бүхэн саам өгч тэнхрүүлэх хэрэгтэй. Нэгэнт
               эмээл тохсон хойно номхруулах нь зөв. Төмөрөө чи дааганд хүндэднэ. Дүүдээ унуулаад хөл
               хөнгөнтэй номхон мориор хөтөлж сурга гэлээ.
                     Хөвгүүдийн царайд баярын мишээл тодорч шарга даагаа тэнхрүүлэх,номхруулах ажилдаа
               шаламгайлан орлоо. Шарга даага саамд дуртай гэж жигтэйхэн. Харин Галт шарга даагаа унаад
               ахынхаа хулгар хээр морьтой уралдах бүр ч дуртай. Өглөө бүхэн адуу хураахад  Галт шарга
               даагаа тосож гүйнэ. Шарга даага нь ч Галтыг танин хүзүү сунган эрхэлнэ. Гүйгүүл шарга даага
               одоо Галтын шарга болжээ.
   1   2   3   4   5   6   7   8