Page 5 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 5
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Нэгдүгээр бүлэг. ОРШИЛ
1.1. Сэдвийн үндэслэл
Байгаль орчны тэнцвэрт байдлын алдагдлаас улбаатай уур амьсгалын
өөрчлөлт, хүн, мал амьтны амьдралын хэв маяг, шилжилт хөдөлгөөнтэй
холбоотой сүүлийн жилүүдэд шинэ шинэ өвчнүүд бүртгэгдэх болсны зэрэгцээ
устаж үгүй болох шатандаа явсан зарим өвчнүүд дахин сэргэх, тэдгээрийн гаралт,
давтамж улам ойртох зэрэг сөрөг үзэгдлүүд ажиглагдах болов [1, 2]. Жишээ нь;
1974-1975 оноос хойш бараг 30-аад жил гараагүй байсан шүлхий өвчин 2000 онд
дахин дэгдсэнээс хойш өнөө хүртэл жил бүр гарах болсны зэрэгцээ хонь, ямааны
цэцэг өвчин 30-40 жилийн дараа дахин гарч улс орны эдийн засаг, аж ахуйд
ихээхэн хохирол учруулсаар байна. Манай орны хувьд урьд өмнө нь гарч
байгаагүй зарим гоц болон архаг халдварт өвчнүүд болох хонины уушгины
аденоматоз, Маеди-висна, хэл хөхрөх, баруун нилийн халуурал, хачигт
энцефалит, гахайн үржил-амьсгалын замын хам шинж, ямааны тархины үрэвсэл
зэрэг өвчнүүд оношлогдох болов [7]. Мөн гахай, шувууны томуугийн хоруу чанар
өндөртэй үүсгэгчүүд буй болж хүний томуугийн цар тахлын хэмжээнд хүрч
болзошгүй нөхцөл байдлыг буй болгосон нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
(ДЭМБ), Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-ын
анхаарлыг зүй ёсоор татаж, тэдгээр өвчний тандалтыг орон бүр идэвхтэй явуулах
аргаар уг халдваруудтай дэлхий нийтээрээ хамтран тэмцэх нь хамгийн үр дүнтэй
арга болохыг хүлээн зөвшөөрөөд байна [3, 4].
Адууны томуу өвчнийг бид 1974 онд албан ёсоор оношилсноос хойш 1984-
1985, 1993-1994, 2004-2005 онуудад буюу 10 орчим жилийн зайтай томоохон
дэгдэлт гарч байснаа 2007 оноос хойш бараг жил бүр ямар нэг хэмжээгээр гарах
болсон нь сүүлийн жилүүдэд морин уралдааны уламжлал алдагдаж адууны томуу
өвчин дэгдэх хамгийн их эрсдэлтэй цаг хугацаа болох өвөл, хаврын хүйтэн
сэрүүний улиралд уралдаанууд зохиогдох болсонтой холбоотой юм [8]. Иймээс хүн
төрөлхтөнийг хэд хэдэн удаа аюулт цар тахалын хэмжээнд хүргэж байсан
томуугийн үүсгэгч вирус нь байгаль дээр олон төрөл зүйлийн амьтдын дунд
эргэлдэж, хувьсан өөрчлөгдөж байдаг тул сүүлийн жилүүдэд дэгдэлт нь ойртох
болсон адууны томуугийн тандан судалгааг явуулах нь энэхүү ажлын үндэслэл
болж байна.
1