Page 11 - Гарын авлага
P. 11
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
2.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг
хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний
улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж
чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах
боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй
үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.
2.4 дүгээр зүйл.Гэм буруугийн холимог хэлбэр
1.Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт
хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.
2.Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт
хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана.
2.5 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирол, хор уршиг
1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл
мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй
байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
2.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас
үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
3.Энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх
үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач
холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан./
4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:
4.1.“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,
түүнээс дээш хэмжээг;
4.2.“үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөг, түүнээс дээш хэмжээг;
4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,
түүнээс доош хэмжээг.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
5.Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн
төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг
тогтооно.
11