Page 3 - Артас Лич хаан
P. 3
Өмнөх үг
Утер бол Артасын мэдэх хамгийн хүчирхэг, хамгийн зарчимч хүн
байлаа, гэсэн ч тэр Артасын өргөн хоёр мөрөн дээр хос мөнгөн
дуулгыг байрлуулах агшинд нүдэнд нь тогтоож дийлэхийн аргагүй
нулимс цийлэгнэж, доош мэлмэрэхийг харав. Утер хүчирхэг мөртлөө
сэтгэл хөдлөлөөр дүүрсэн чичирхийлсэн хоолойгоор,
“Ариун Гэрлийн хүчээр, дайснаа даран сөнөө.” хэмээн хэлээд
хорогдсон мэт хүчирхэг гараараа мөрөнд нь дахин нэг хүрээд, эргэж
байрандаа очлоо.
Тэргүүн Хамба хун тайж руу найрсагаар инээмсэглэхэд Артас ч харцаа
өөд болгон санаа зовох зүйлгүй болов. Тэр одоо яах ёстойг бүгдийг
эргэн санав.
“Босч өөрийгөө танилцуулагтун,” хэмээн Фаол гар өргөн уриалав.
Артас босч зогслоо. “Артас Менетил, чи Мөнгөн Нударгатны
Бүлгэмийн нэр төр болон ариун журмыг хадгалж даган мөрдөхөө
андгайлж байна уу?”
Артас нүдээ цавчаад, цол хэргэмийг нь дуудаагүйд түр зуур гайхаж
будилснаа, мэдээж шүү дээ, би хун тайжын хувиар бус, эр хүний ёсоор
элсэж байгаа хэмээн дотроо тунгаагаад, “Би андгайлж байна.” хэмээв.
“Чи Гэрлийн замаар явж, гэрлийн хүч, мэргэн ухааныг ард олондоо
түгээхээ андгайлж байна уу??”
“Би андгайлж байна.”
“Чи муу ёрыг хаа таарсан газарт нь даран сөнөөж, сул дорой гэмгүй
бүхнийг өөрийн амь насаар хамгаалахаа андгайлж байна уу?”
“Б--би андгайлж байна, цус ба нэр төрөөрөө, андгайлж байна.” Сая ч
ойрхон байлаа шүү, тэр бараг бүхнийг баллах шахлаа, гэвч үгээ
гүйцээж чадлаа.