Page 7 - Артас Лич хаан
P. 7
энэ халдлагыг үл тоомсорлон бүжиж, наадаж, инээлдэж чадна. Тэд бол
таунка; тэд тэсвэрлэнэ.
Тэнгэр хилэгнэсэн мэт хөх цагаан шуурга гадаа ширүүсч байсан ч Их
Өргөөний доторх уур амьсгал дулаахан бөгөөд нам гүм байв. Зогсож
буй хүний дайтай өндөр галт тулганд овоолсон зузаан зузаан тайрдас
шарчигнан шатах чимээ л сонстоно. Үлгэрт гардаг шидэт амьтдын
зургуудыг товойлгон оёж, гоёмсог хээ хуараар хүрээлүүлсэн ханан
зүүлтний дээр утгуур соёотын аварга эврийг байрлуулжээ. Лууны
толгойн хэлбэр гаргаж сийлсэн бамбарын сууринууд дээр гэрэлт
бамбарууд бадамлана. Бамбарын гэрлүүдээс тодрох туяа тавь жаран
хүнийг ядах юмгүй багтаах энэ том өргөөг гэрэлтүүлж, улбар шар
галын дулаан туяа өргөөний булан дахь сүүдрийг үлдэн хөөнө.
Өргөөний хүйтэн чулуун шалыг туйлын баавгай, утгуур соёот мөн
бусад аварга адгууснуудын зузаан, үслэг арьсаар бүрж, хүйтнээс сайн
тусгаарласан байна.
Өргөөний ихэнх зайг эзэлсэн аварга том, урт сийлмэл ширээ голд нь
байрлана. Энэ ширээнд гуч, дөчин хүн зэрэг сууж, зоог барихаар
хангалттай том аж. Гэсэн ч одоо ердөө гуравхан этгээд ширээнд сууж
байна: нэг хүн, нэг орк, бас нэг жаал хүү.
Мэдээж тэдний хэн ч бодьтой биш. Ширээний хүндэтгэлийн сэнтийд
суусан хүн, аварга том сийлмэл сэнтий дээр сууж буй нөгөө
хоёрынхоо өмнөөс бага зэрэг өнгийв. Тэр хоёрын сэнтий том боловч
хааных биш гэдэг нь ойлгомжтой. Хүндэтгэлийн сэнтий дээрх хүн
зүүдлэж байлаа; тэр удаан, асар удаан зүүдлэж байна. Түүний харж
буй Их Өргөө, утгуур соёотын эвэр мөн бусад ангийн олз, гал, том
ширээ --орк бас жаал хүү --эд бүгд ердөө л түүний зүүдний нэг хэсэг
байв.
Зүүн талд нь суух орк өндөр настай боловч яс сайтай, хүчирхэг нэгэн
аж. Түүний ясархаг эрүүтэй том нүүрэн дээр галын улбар шар өнгө
болон бамбарын гэрэл тусахад нүүрэн дээр нь зурсан аймшигт хувхай
цагаан гавлын зураг сүүмэлзэх мэт харагдав. Тэрээр аугаа их хүчийг