Page 12 - Артас Лич хаан
P. 12
томчууд ч бас тэдний нөхөрлөлд ямар нэг хориг саад тавьсангүй
өдийг хүржээ. Тиймээс хан хүү энд ихэнх цагаа гоёмсог морьдыг
шагшиж, элсэн дээр цамхаг барьж, цасаар байлдаж, мөн Жаримтай
дээрэмчин болж байлдаж тоглодог байлаа. Энэ өдөр хөвгүүдийг
тоглож байхад Жорум унага төрөх гайхамшигийг үз хэмээн дуудсан
аж.
“Төрөх гайхамшиг” гэж үнэндээ заваан юм, хэмээн Артас бодов.
Тэрээр ийм юм үзнэ гэж огт төсөөлсөнгүй, ийм их хурц үнэр, өтгөн
нунжгайрсан шингэн харах юм гэж… хэн бодохов. Цагаан Зогдор
дахин нэг дүлээд хүчтэй дуу тавьлаа. Хөлөө хөдөлгөөнгүй жийж
чангалаад, ямар нэг шингэн зүйл удаавтар долоож буй мэт авиа
гаргаад нялх үрээ дүлж гаргалаа.
Цагаан Зогдор хүнд толгойгоо Артасын өвөр дээр лүг хийтэл тавиад
хэсэг зуур нүдээ анив. Түүнийг амьсгалахад хажуу хавирга нь биеийг
нь даган оволзоно. Жаал хүү инээд алдан, халуун хөлсөндөө
нэвширтэл норсон цагаагч гүүний зузаан хүзүүг дагуулан “хүчтэй
гүү шүү” хэмээн гараараа илээд, аавтайгаа хамт саяхан төрсөн унагыг
харж зогсох Жаримын зүг харав.
Жилийн энэ үеэр жүчээнд эрт сэрүү орсон байсан тул унаганы
бүлээхэн нойтон биенээс үл ялиг уур савсаж харагдана. Эцэг хүү хоёр
алчуур, хуурай өвсөөр унаганы гулжигнасан хальс мэт бүрхүүлийн
үзүүр хэсгийг салгаж дуусч байв. Бяцхан амьтныг харсан Артасын
нүүрэнд гэрэл тодрон шүдээ арзайлган инээв.
Шал нойтон, саарал өнгөтэй, урт хоёр хөлөө сөөлжүүлэн гишгэж
том нүдлэсэн хөөрхөн унага эргэн тойрноо харан, бүдэг дэнлүүний
гэрэлд нүдээ цавчин зогсоно. Түүний хоёр том хүрэн нүд Артасын
нүд рүү тогтож харав. Чи ямар хөөрхөн юм бэ, хэмээн Артас дотроо
хэлээд хэсэг амьсгаагаа хураан, хэдхэн хормын өмнө жигшиж байсан
өөрийнхөө бодлоосоо эгдүүцэх мэт болов. Үнэхээр “Төрөх
гайхамшиг” гэгч ид шидийн гэмээр гайхамшиг юм гэж эргэцүүлэв.