Page 46 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 46
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Туулай ба мэлхий
Туулайнууд нэг удаа цуглараад хувь заяандаа гомдоллон:
- Хүн, нохой, бүргэд гээд л элдвийн амьтдаас үхтлээ эмээж,
алийн болгон алгын чинээ болж явах вэ! Ингэж үйл тамаа үзэж
амьд явснаас үхсэн нь дээр байна. Алив цөмөөрөө усанд үйж
үхье! гээд нуур луу очжээ. Мэлхийнүүд тэдний хөлийн
чимээнээр ус уруу полхийн үсрээд орчихлоо гэнэ. Түүнийг үзсэн
нэг туулай:
- Хүүш, багачуудаа, байзаарай! Усанд живж үхэхээ
азнаарай. Мэлхийнүүд чинь биднээс долоон дор амь зуудаг
амьтад байна шүү дээ. Биднээс айж байгааг хараач, хөөе гэжээ.
Л. Толстой
1. Туулайнууд яагаад хувь заяандаа гомдоллосон бэ?
2. Хэрвээ чи туулайн оронд байсан бол яах байсан бэ?
3. Мэлхийнүүд яагаад ус руу үсрэн орсон бэ?
4. Туулайнд зориулж анхааруулах өгүүлбэр зохио.
5. Туулайны хэлсэн үгийг улаан өнгөөр, зохиогчийн үгийг
ногоон өнгөөр ялган будаарай.
Хүчээр биш аргаар
Жаалхүү Тулга хэнз хув ишгээ барих гэж хөөгөөд нэг
үзжээ. Тун баригдаж өгсөнгүй. Дараа нь шилбүүрээрээ уургалах
гээд оролдож гэнэ. Хэнз хув цахилан давхиад ер гүйцэгдсэнгүй.
Одоо эвээр үзье гэж шийдээд эхийнх нь ард нуугдан отож
суутал төдөлгүй өнөөх хэнз хув эхийгээ хөхөх гээд давхиад
иржээ. Тулга гэнэт ухасхийж бариад авав. Малд бас хүчээр
биш, аргаар хандах чухал байдаг юм шүү.
1. Тулга ямар ишгээ хөөсөн бэ?
2. Ишиг яагаад баригдахгүй байсан бэ?
3. Тулга ямар арга хэрэглэхээр шийдэв?
4. Тулгын хийсэн үйлийг жагсаан бичээрэй.
5. Хэрвээ чи Тулгын оронд байсан бол яах байсан бэ?
1-3 дугаар ангийнханд 46