Page 40 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 40
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
4.2. Буурны дагзны булчирхай /poll gland/:
Буурны дагзны булчирхай нь гавлын ясны дагзны болон аман хүзүүний
ясны заагийн харалдаа, биеийн тэгш хэмд хоёр чихний хооронд байрлах,
арьсан доорх хос булчирхай юм. Энэ нь доороосоо дээш өргөсөж товойсон
ижил хэлбэр, хэмжээтэй байх бөгөөд булчирхай дээрх арьс дан хялгасаар
хучигдсан байдаг. Мөн тус булчирхай буурны орооны үе эхлэхэд идэвхижин
хэмжээ нь томорч хөөж товойсон байх ба ороо гарах үед идэвхигүй болж
хэмжээ нь багасч хатанхайрсан байна. Тухайн буурны нас болон орооны
эрчмээс хамааран булчирхайн хэмжээ харилцан адилгүй байгаа нь ажиглагддаг.
Тухайлбал, ижил насны буурны орооны эрчим зарим бууранд бусдаасаа илүү
эрчимтэй илрэх нь цөөнгүй тохиолдоно. Ийм буурны дагзны булчирхайг бусад
буурныхтай харьцуулахад түүний хэмжээ болон шүүрэл ялгаруулалт нь илт
давуу байдаг болох нь бидний судалгааны явцад ажиглагдсан бас нэгэн
өвөрмөц содон зүйл байв.
Буурны мэдрэлийн тогтолцоо бүхэлдээ хөөрлийн байдалд шилжихэд
булчирхай идэвхижихийн хэрээр ялгаруулах шүүрлийн хэмжээ эрс нэмэгдсэн
байдаг. Уг булчирхайг гараар барьж үзэхэд хөдөлгөөнтэй, хүний өвдөгний
тойгтой адил санагдсан. Булчирхай дээрх үс, ноосыг хяргаж түүний хэлбэр,
гадаад байдлыг дүрсэлж харвал хүүхдийн бойтогны тавхай мэт ижилхэн хэлбэр,
хэмжээ бүхий хос булчирхай (15 дугаар гэрэл зураг) байна.
Photo by Khorolmaa
15 дугаар гэрэл зураг. Монгол буурны дагзны булчирхайн
(12 настай) /Poll gland/ ил харагдах гадаад хэлбэр
40