Page 9 - Адууны ям өвчний тандалт, үүсгэгчийн молекул биологийн судалгаа
P. 9
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОНОЛЫН ХЭСЭГ
2.1 Ям өвчний түүх, судлагдсан байдал
Ям өвчнийг анх манай он тооллын өмнөх III зуунд эртний Грекийн эрдэмтэн
Аристотель халдварт өвчин гэж тогтоосон бөгөөд, мөн энэ тооллын \/-р зууны үед
Вегеций, Ренат нар Аристотелийн саналыг баталсан байна. Францын Виборгийн
(1797) нийтлүүлсэн "Ямаар халдварлахад нөлөөлөх биет хүчин зүйл" гэдэг өгүүлэл
ям судлалд онцгой ач холбогдолтой бөгөөд энэ нийтлэлд ям өвчин уушигны,
арьсны, хамрын гэсэн хэлбэрээр илэрдгийг анх тогтоожээ. 1830 оноос Франц,
Герман, Англи, Румын, Австри, Унгар, Орос зэрэг Европын орнуудад ям үлэмж
ихээр тархаж эхэлсэн тул өвчний үүсэх шалтгаан, тархах замыг судлахаар тусгай
дээд сургууль, комисуудыг байгуулж ажиллуулсан байна. Энэ үеэс эхлэн ямыг
шинжлэн, турших асуудал хүн, мал эмнэлгийн хүрээнээс хальж нийгмийн
анхаарлын төвд байх болжээ. Францын Бреше, Райе (1840) нар өөрсдийн эрдэм
шинжилгээний нэгдсэн тайланд ямаар зөвхөн адуу бус хүн, нохой хүртэл өвчилдөг
гэжээ. Сен-Сира (1863), Герляха (1868) ямын урсгал явц, эмнэлзүйн шинж
тэмдгийг тодорхойлсон байна.
Лѐффлер (1886) ямын савханцрын өсгөвөр хэлбэрзүйн шинж чанар, мөн
физик, химийн хүчин зүйлд тэсвэртэй байдгийг анх тодорхойлсон ба түүнийхээр ям
үүсгэгч грам сөрөг, 1-5 мкм урттай, 0,3-0.5 мкм өргөнтэй хөдөлгөөнгүй спор, капсул
үл үүсгэдэг савханцар юм гэжээ [15].
Румыний судлаач Бабес (1881) ямаар өвчилсөн хүний эрхтнээс бэлтгэсэн
эдийн идээт зүсмэг, шингэнээс нарийвтар савханцар илрүүлснээс гадна, германы
эрдэмтэн Лѐффлер, Шютц нар (1882) адуунаас ям үүсгэгчийг илрүүлсэн нь ям
судлалын түүхэнд нээлт болон үлджээ. Абсуртис, Вегетий, Веборг нар (1797) ям
өвчнийг байгалийн голомтот халдварт өвчин гэж тодорхойлжээ. Ямын оношлогоонд
харшлын болон ийлдэс судлалын аргуудыг нээхээс өмнө гол төлөв ямын
зангилаанд нянгийн шинжилгээ хийх замаар оношлодог байсныг Н.Е.Цветков (1925)
тэмдэглэсэн байдаг. Ям өвчний оношлогоонд арьсны харшил сорилыг анх удаа
К.М.Хроманский (1912) хэрэглэсэн бөгөөд энэ арга нь хийхэд хялбар оношлогооны
өндөр идэвхтэйг Н.Д.Балле, Френер, И.Шнюрер, Р.Порт (1912, 1918) нар тэмдэглэн,
цаашид энэ аргыг оношлогоонд өргөн хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөжээ [1].
А.А.Владимировын 1912 онд мэдээлснээр ям үүсгэгч нян жигд хүрээтэй,
мохоо төгсгөлтэй, цилиндр маягийн хэлбэр дүрстэй ажээ. С.Г.Колисов (1952),
4