Page 8 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 8
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ
2.1 Микоплазмын тухай
Микоплазм нь Mollicutes – ийн ангийн бактер бөгөөд хамгийн жижиг,
хэлбэрзүйн хувьд тогтворгүй, морфологи бүхий эстэй, эсийн ханагүй прокариот
организм юм. Микоплазм нь хэдийгээр эсийн ханагүй боловч гадаад орчны
сөрөг нөлөөлөлд ихээхэн тэсвэртэй ба үүнийг түүний эсийн цитоплазмын
мембранд стерол агуулагддагтай холбоотой [5]. Плазмын мембраны гуравны
хоёр нь бүтцийн уураг, үлдсэн хэсгийг мембраны липидүүд бүрдүүлдэг. Харин
микоплазмын гадаргуугийн эсрэгтөрөгчийн дийлэнхийг мембраны
липопротейнууд бүрдүүлдэг [34]. Микоплазмын липидэд фосфолипид,
гликолипид болон саармаг липид орох бөгөөд бүгд эсийн мембран дээр
байрладаг. Микоплазмууд нь өөхний хүчил нийлэгжүүлэх чадвар сул учир
өсөлт, үржилдээ холестролыг гаднаас авч ашигладаг [32].
Микоплазм нь Гимзийн будгаар сайн будагддаг ба сул грам сөрөг кокк,
утаслаг зэрэг янз бүрийн хэлбэртэй 0.25-0.5 мкм хэмжээтэй, агарын гадаргууд
“нүдэлж шарсан өндөг”-тэй төстэй колони үүсгэдэг, мембранан шүүлтүүрээр
нэвтэрч чаддаг. Амьтны 10-12%-ийн ийлдэс нэмсэн, уургаар баялаг тэжээлт
орчинд сайн ургадаг [22]. Харин ийлдэсний хэмжээ ихэдвэл өсөлт нь удааширч,
ургалт нь сийрэг болох бөгөөд цэвэр ийлдсэнд огт ургадаггүй байна [3].
Төрөл бүрийн амьтнаас гарган авсан микоплазмууд нь хэлбэрзүй болон
өсгөвөрийн хувьд ижил боловч эсрэгтөрөгчийн бүтэц ба ийлдэс хэвшлийн хувьд
өөр өөр байна [4]. Өвчин үүсгэгч нь бактерийн эсийн хананд үйлчилдэг
антибиотикуудад мэдрэмтгий бус, хөлдөөх хатаахад тэсвэртэй, тетрациклиний
бүлгийн эм, стрептомицин, фураны бэлдмэл, эфирт мэдрэмтгий, +40°C-аас
дээш халаахад болон спирт, шүлт зэрэгт эмзэг, фенолын 1:200,
формальдегидын 0.1%-ийн, перманганат калийн 1:2000, 1:10000-ийн
уусмалуудад амархан саармагжина [1,4].
8