Page 67 - demo
P. 67
- Асрагч тэтгэгч эгч ээжүүд минь, цуглан ирцгээ! Өглөө гэхэд эцгийн минь
өмсдөг шиг тийм гоё цамц оёж надад авчирч өгөөч гэж хашгирав.
Өглөө хаан хүү Иван сэрэхэд мэлхий шалан дээр үсрэн дэвхрэн байна гэнэ.
Харин ширээн дээр алчуурт боолттой цамц тавьжээ. Иван баярлан цамцыг
аван эцэгтээ аваачиж өгөв. Хаан эцэг нь энэ үед том хөвгүүдийнхээ бэлгийг авч
байв. Том хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг авахдаа,
- Энэ цамцыг босго намхан бор гэрт өмсвөл зохино гэв. Дунд хүү цамцаа
дэлгэн өгөхөд хаан,
- Энэ цамцыг хаяандаа байгаа халуун усны байшинд очихдоо л өмсвөл
зохино гэв.
Иван уран нарийн хээтэй алт мөнгөн утсаар алаглуулан хатгасан цамцаа
дэлгэн өгөхөд хаан эцэг нь харангуутаа,
- Энэ ч ёстой найр наадамд өмсөх нандин сайхан цамц байна даа гэв.
Хоёр ах нь харих замдаа,
- Иваны эхнэрийг шоолж хөхөрдөг дэмий л юм боллоо. Мэлхий биш ямар
нэг шидэт эм байхаа гэж ярилцжээ.
Хаан хөвгүүдээ дахин дуудаж,
- Миний бэрүүд маргааш надад талх жигнэж өгөг, хэн нь илүү сайн тогооч
юм бэ дээ мэдэхийг хүснэ гэж гэнэ. Хаан хүү Иван толгой гудайлган гэртээ ирэв.
Мэлхий,
- Яагаад гуниглаа вэ? гэж асуухад Иван,
- Маргааш хаан эцэгт талх жигнэж аваачих ёстой гэв.
- Хаан хүү Иван, унтаж амар, оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ гэж
мэлхий тайтгаруулав.
Нөгөө хоёр ахынх нь эхнэрүүд эхлээд мэлхийг шоолж инээж хөхөрч байсан бол
энэ удаа мэлхий яаж талх жигнэхийг хараад ир гэж нэг эмгэнийг явуулжээ.
Мэлхий үүнийг нь мэджээ. Тэгээд жонхуу зуурч, пийшингээ дээрээс нь хэмхэлж
онгойлгоод тэр нүх рүүгээ жонхуугаа цутгачихжээ. Эмгэн энэ бүгдийг нууцаар
хараад нөгөө хоёр бэрд ярихад нөгөө хоёр бэр дуурайжээ. Харин мэлхий
довжоон дээрээ гаран Мэргэн Василиса болон хувираад алгаа ташин,
- Асрагч тэтгэгч эгч ээжүүд минь, цуглан ирцгээ! Өглөө гэхэд эцгийнхээ
гэрт миний иддэг байсан шиг тийм зөөлөн цагаан талх жигнэж өгөөч гэв.
Хаан хүү Иван өглөө сэрвэл ширээн дээр хажуу бөөрөөрөө хээ угалзтай
дээгүүрээ байшин цамхаг өрж хийсэн шинэхэн талх бөмбийж байна гэнэ.