Page 46 - Бат хааны байлдан дагуулал
P. 46
XIII зуунд бусад үндэстний л адил зэвсэгтэй байсан. Харин ч хятадууд
дарь нээчихсэн, монголчуудаас энэ тал дээр давуу байжээ. Байлдан
дагууллынхаа явцад л монголчууд эзлэгдсэн ард түмнүүдийн зэр
зэвсгийн ололт амжилтыг өргөн ашиглах болсон ч адилхан л хүйтэн
зэвсэг байсныг бодолцох хэрэгтэй.
Монголчууд орос, хятад, хорезм, перс, европчуудаас илүү зоригтой
байгаагүй. Хүн шиг л хүн. Зоригтойдоо зоригтой, эрэмгийдээ
эрэмгий. Гэхдээ дан ганц эр зоригоор хэр хол явахав. Бие бялдрын
хувьд аваад үзсэн ч XIII зууны үеийн түүхчид монголчуудыг аварга
биетэй, үлэмж тэнхээтэй байсан гэж бичсэн нь үгүй. Ер нь
монголчууд намхан нуруутай ард түмний тоонд орсоор ирсэн.
Хөгжлийн хувьд ч гэсэн XIII зууны монголчууд дийлэнх тохиолдолд
эзэлсэн орнуудын ард түмнээс хоцрогдмол байсан. Ялангуяа олон
мянган жилийн суурин соёл иргэншил бүхий Хятад, Хорезм,
Солонгос, Перс, Орос зэрэг орон соёлын хувьд тухайн үедээ дэлхийд
толгой цохиж байв.
Монголчуудаас 1500 жилийн өмнө македончууд хэмээх жижигхэн
үндэстэн өөрөөс хэдэн арав дахин их газар нутгийг эзэлж байсан
түүхтэй. Одоо бодоход хүний ухаанд багтамгүй ийм үйл явдал яагаад
болов? Нэгдүгээрт: македончуудыг цэргийн гарамгай жанжин Их
Александр хаан толгойлж байлаа. Хоёрдугаарт: Македонийн армийн
зохион байгуулалтыг Александрын эцэг II Филипп тухайн үедээ төгс
төгөлдөр болгосон байв. Гуравдугаарт: Александрын байлдан эзэлсэн
Персийн Ахеменидын их гүрэн үеэ өнгөрөөсөн, хүнээр төлөөлвөл
өтөл болсон байлаа. Дөрөвдүгээрт: Персийн хаан III Дарий сул,
үлбэгэр нэгэн байжээ. Тавдугаарт: Персийн арми олон тооны ястан
үндэстнээс, эзлэгдсэн орнуудын ардуудаас бүрдсэн учир үнэн хэрэгтээ
Дарийгийн төлөө цусаа урсгах сонирхолгүй байжээ. Товчоор хэлвэл,
ХТӨ IV зуунд бичил Македони аварга Персийг эзлэх урьдач нөхцөл
бүрдсэн байв.
Тэгвэл XIII зууны эхэнд байдал ямар байв? Нэгдүгээрт: монголчуудыг
Чингис хаан хэмээх цэргийн хосгүй суут жанжин удирдаж байв.
Хоёрдугаарт: тэрээр Монголын цэргийг тухайн үедээ ямар ч