Page 47 - Бат хааны байлдан дагуулал
P. 47
өрсөлдөгчгүй арми болох хэмжээнд зохион байгуулсан байлаа. Энэ
тухай нэрт эрдэмтэн Г.В. Вернадский: «Дарь хийгээд галт зэвсгийг
бүтээхээс өмнө Монголын морин цэрэгтэй тактикийн болон
стратегийн хувьд тэнцэхүйц, байлдан дагуулах хүсэл эрмэлзлээрээ
тэдэнтэй өрсөлдөхүйц хүчийг цөөн хэдэн үндэстэн л бий болгох,
тэтгэх чадалтай байлаа»[33] гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл
монголчуудтай тэмцсэн орнуудын хаад Дарий мэт дорой нэгэн
байсангүй. Тэдгээр улс орон үеэ өнгөрөөсөн бус, зарим нь хөгжиж
эхэлсэн, зарим нь бүр мандан бадарч байв. Тухайлбал: Хорезм
чухамхүү Мухаммед шахын үед л хөгжил, хүчирхэгжилтийнхээ
оргилд тулсан гэж судлаачид үздэг. Монголчуудын эсрэг тухайн
үеийнхээ шилдэг армиуд (тодруулбал, Легниц дахь тулалдаанд
Германы рыцариуд) тулалдаж байв.
Монголын байлдан дагууллын амжилтын үндэс нь тэдний «үй түмэн»
цэрэг мөн гэсэн үзэл газар авсны сацуу бусад улс орны сул дорой
байдлаар тайлбарласан нь бий. Тухайлбал: В.В. Каргалов: «Монгол-
татаруудын аян дайны амжилт нь тэдний цэргийн хүч гэхээсээ илүү
довтолгоонд өртсөн улс орнуудын феодалын тархай бутархай
байдлаар тайлбарлагдана. Хятад ч, Дундад Ази ч, Иран ч тухайн үед
өөр хоорондоо холбоо муутай олон улсуудад хуваагдсан байв»[34] гэж
бичжээ. Ер нь гадаадын түүхч, судлаачдын бүтээлийг уншиж байхад
монголчуудын цэрэг-дайны ур чадварыг үгүйсгэж, тэдний ялалт,
амжилтыг хоёрдогч хүчин зүйлүүдээр тайлбарладаг хандлага бий
болчихоод байгаа нь харагддаг. Бат хааныг аян дайнаа эхлэх үед Орос
ч, Польш ч хэд хэдэн хэсэгт хуваагдчихсан байсан нь үнэн. Гэхдээ энэ
нь Бат хааны ч, монголчуудын ч буруу биш. Эсвэл Бат хаан жинхэнэ
жанжин хэмээн алдраа дуурсгахын тулд Орос орон нэгдэх тэр мөчийг
хүлээх ёстой байсан уу?
Монголын байлдан дагууллын амжилтын тухай Голландын түүхч Л. де
Хартог: «Азийн энэхүү байлдан эзлэгч нарын үнэмшмээргүй том
амжилтын үр дүн нь тэдний хийсэн байлдаанаас хуримтлуулсан
туршлага, хатуу чанга сахилга батын ач тус байсны гадна хамгийн
чухал нь тэдний цэргийн гайхамшигтай чадварлаг байдал, цэргийн