Page 16 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 16
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
2.3.3 Эмгэг жам
Эмгэг хувирал нь хамрын хөндий, уушиг, амьсгалын замын эрхтнүүдэд
үүссэн байдаг. Эпителийн эсэд сөнөрөл, гистоцит эсэд нэвчилт үүссэн байдаг.
Уушиг ба хийт цууханд шүүдэс хуримталж, тэнд нь микоплазм үржин, цусны
судсанд орж, эд эрхтэнд тархдаг байна. Өвчилж эдгэрсэн шувуунд M.
gallisepticum 19 сар хүртэл хугацаагаар хадгалагдана. Шувууны биеийн
эсэргүүцэл суларсан үед микоплазм нь идэвхжинэ. Өвчилсөн шувууны зүрх,
элэг, дэлүү, бөөр, чөмөг ба тархинаас өвчин үүсгэгч илэрдэг нь түүний цусаар
тархдагийг гэрчилж байна [1].
2.3.4 Эмнэлзүйн шинж тэмдэг
Халдвар авсан тахиануудад хийсэн ажиглалтаар M. synoviae нянгийн далд
үе нь тухайн омгийн хоруу чанар, бусад нянгаар халдварласан байдал, эзэн
амьтны мэдрэмтгий байдал, орчны болон бусад стресс үүсгэх гадны хүчин
зүйлүүдээс хамаарч харилцан адилгүй байдаг [35]. Иймээс халдвар авснаас хойш
эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацааг нарийн тогтоох нь хэцүү. Үхэл хорогдол нь
1-10%, өвчлөл нь ойролцоогоор 5-15% байдаг байна. Цацагт хяруул болон
тахианд амьсгалын замын хурц халдвар үүсдэг бөгөөд энэ нь яс, шөрмөсний
хучуур эд болон бурситыг холбодог холбогч эдэд нөлөөлж хавдах, доголох болон
амьгалын замын өвчин нь өсөлтийн эрчмийг бууруулж улмаар өндөгний гарцад
нөлөөлөх, ядрах, өд нь өрвийх, ялгадсанд шээсний хүчил их хэмжээгээр
агуулагдах, чацга алдах шинж тэмдэг илэрдэг [35].
M. gallisepticum нянгийн халдварын далд үе нь тухайн омгийн өвчин үүсгэх
чанар, бусад нянгаар халдварласан байдал, эзэн амьтны мэдрэмтгий байдал,
орчны болон бусад стресс үүсгэх гадны хүчин зүйлүүдээс хамаарч 6-21 өдөр
байдгийг тогтоосон [1]. Өвчилсөн шувуунд ханиалгах, найтаах, нүдний салст
бүрхүүл үрэвсэх, хамраас шингэн гоожих, зарим тохиолдолд нүдний алим өргөсөх,
хөлийн шөрмөс хавдаж доголох шинж тэмдэг илэрдэг [16]. Өвчилсөн цацагт
хяруулд өвчний шинж тэмдэг тод илэрнэ. Зарим шувуу нууц хэлбэрээр өвчлөх ба
цусанд нь эсрэг бием үүссэн байдаг. Өвчин гараад 7 хоносны дараа шувуу үхэж
эхэлнэ. Хүйтрэх ба арчилгааны дэглэм алдагдахад өвчин гарах нь ихэснэ. Харин
нас гүйцсэн тахианы үхэл бага байдаг. Өвчилсөн шувуу турж, ашиг шим нь
багасан, өвчин архагшин хоёрдогч халдвараар хүндрэх тохиолдол байдаг [1].
16