Page 39 - demo
P. 39
зөвлөх харваачийн эхнэрийг бодож хоол унднаасаа гарч хорчийн турж царай
алджээ.
Хаан зөвлөхийнхөө байдлыг ажиж мэдээд,
- Яагаад чи ийнхүү уруу царайлан явах болов? гэж асуувал зөвлөх нь,
- Мэргэн харваач Андрейн эхнэрийг үзсэнээс хойш тэр хүүхэн үргэлж
бодогдоод байдаг болчихлоо. Хоол унд ч орохоо болилоо гэжээ.
Хаан зөвлөхөөсөө ийм үг сонсоод тэр эхнэрийг өөрөө очиж үзмээр санагджээ.
Тэгээд хаан энгийн хувцас өмсөөд харваачийн гэрийг олж очин хаалгыг нь
тогшиж гэнэ. Хаан хаалга нээж өгсөн Марья гүнжийг хармагцаа зорьж ирсэн
хэргээ мартан, босгон дээгүүр нь нэг хөлөө тавиад орж ч чадахгүй, буцаж ч
чадахгүй хөшиж, үзэсгэлэн гоо гүнжийг ширтэн гөлрөн зогсов гэнэ.
Марья гүнж юу хэлэхийг хүлээж ядаад үүдээ арга буюу хаажээ.
Тэр цаг мөчөөс хойш хаан «Би юунд ингэж ганцаар гуниглан амьдарна вэ! Энэ
сайхан хүүхэнтэй гэрлэхсэн. Хааны хатан байваас зохих хүүхэн юм!» гэж зүрх
шимшрэн боддог болжээ.
Тэгээд хаан харваачаас эхнэрийг нь салгаж, амьдын хагацалд учруулъя гэсэн
нэгэн хар санаа санажээ. Ингээд зөвлөхөө дуудан,
- Би харваачийн эхнэртэй суумаар байна. Тэгэхээр чи Андрейг үгүй хийх
арга сүвэгчил. Хэрвээ чамайг тийм арга олох юм бол бүхэл бүтэн хот тосгон
хөрөнгө мөнгөөр урамшуулан шагнана, чадахгүй бол толгойгий чинь авна гэжээ.
Энэ зарлигийг яаж биелүүлэх вэ? гэж хааны зөвлөх их л бодож шаналжээ,
гэхдээ харваачийг үгүй хийх арга олсонгүй. Ингээд уй гашуугаа нимгэлж хундага
дарс ууж дотроо онгойлгохоор ундааны газар оржээ. Гэтэл тэнд сууж байсан
ноорхой нэгэн хүн дэргэд нь ирэн,
- Хааны зөвлөх та уйтгарлан гуниглаж уруу царайлахын учир юу вэ? гэж
асуув.
- Олон таван юм ярилгүй, эндээс зайл! гэж хааны зөвлөх тэр ноорхой
эрийг хөөхөд,
- Хөөж загнахынхаа оронд хундага дарс авч өг, тэгвэл би хэргийг чинь
бүтээж өгье гэж гэнэ. Тэгэхээр нь хааны зөвлөх тэр ноорхойд аяга дарс өгөөд
өөрийнхөө зовлонгоо ярьжээ.
- Андрей харваачийг алах тун амархан. Өөрөө эргүү тэнэг энгийн хүн,
харин эхнэр нь л арга заль ихтэй дээ. Гэхдээ бид эхнэр нь ч даахааргүй алба
онооё. Чи хаандаа очоод Андрей харваачийг насан эцэслэсэн хаан эцгийнхээ
амар мэндийг мэдээд ир гэж явуул. Андрей яваад эргэж ирэхгүй гэж гэнэ.