Page 43 - demo
P. 43
Ингээд Андрей буцах замдаа оржээ. Улс орондоо ирээд муураа дагуулсаар
хааны ордонд очив.
- Таны зарлигийг биелүүлж нойрсуулагч муурыг авчирлаа гэхэд хаан ихэд
гайхан,
- За тэгвэл нойрсуулагч муур, ид шидээ үзүүл! гэлээ. Нойрсуулагч муур
хумсаа сарвалзуулан хаан руу дав шилж хааны тарган цагаан хэнхдэгийг нь
ярж амьд улаан зүрхийг нь суга татахыг завдав. Хаан айн сандарч,
- Андрей, энэ муураа түргэхэн зайлуул! гэлээ. Андрей муураа төмөр
торонд хийж түгжээд өөрөө Марья гүнждээ очихоор гэрийн зүг явжээ. Тэгээд
мэргэн харваач ухаант Марья гүнжтэйгээ амар сайхан амьдарч байтал хаан
эзний хорсол занал туйлдаа хүрч нэг удаа зөвлөхөө дуудан,
- Андрей харваачийг алж устгах арга заавал ол, эсвээс миний сэлэм гялс
чиний толгой бөндгөс! гэж гэнэ. Хааны зөвлөх сурсан зангаараа дарсны газар
шууд явж очвол нөгөө ноорхой хувцастай эр тэнд сууж байна гэнэ. Түүнд
хуучны адил учир зовлонгоо тоочин арга тус зааж өгөхийг гуйв. Ноорхой эр аяга
дарсыг нь залгилчихаад аравгар сахлаа арччихаад,
- Хаандаа очиж Андрей харваачийг эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг
олж ир гэж явуул. Энэ албыг Андрей энэ насандаа биелүүлэхгүй эсэн мэнд ч
эргэж ирэхгүй гэж гэнэ.
Хааны зөвлөх ордондоо гүйн ирж хаандаа арга ухаан олсноо хэлбэл хаан тэр
дорхноо Андрейг дуудуулж,
- За Андрей, хааны албыг чи хоёр удаа үнэнчээр гүйцэлдүүлсэн. Одоо нэг
алба байна. Чи эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг олж ир. Энэ албыг
гүйцэтгэвэл хааны шагнал хүртэнэ, эсвээс миний сэлэм гялс чиний толгой
бөндгөс! гэв.
Андрей гэртээ ирээд уйлахад Марья гүнж,
- Хонгор минь, юундаа шаналаа вэ? Гай зовлон тохиолдов уу? гэж асуухад
Андрей хэлэв.
- Үзэсгэлэн гоо төржээ чи, үйл лайгий нь эдэлж байна би! Хаан эзэн намайг
эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчир гэлээ.
- Энэ ч ёстой алба байна! За яахав, чи одоо унт. Оройноос өглөө сэргэлэн
гэдэг дээ гэв.
Марья гүнж шөнө болмогц шидэт номоо дэлгэн удтал уншсан боловч хааны
албыг хэрхэн гүйцэлдүүлэх тухайд юу ч олдсонгүй урам нь хугаран толгойгоо
салаавчлан бодлогошрон суув. Тэгээд довжоон дээрээ гарч зогсоод алчуураа
гарган даллатал төрөл бүрийн шувуу, ан амьтад цугларан иржээ.