Page 45 - demo
P. 45
- Пөөх паах, оросын үнэр үнэрлээгүй олон жил болсон юмсан, одоо чинь
өөрөө ороод ирдэг болж дээ. Халуун зуухандаа хийгээд шарж идье! гэх юм гэнэ.
Тэгэхээр нь Андрей харваач,
- Хөгшин эмгэн та замын хүнийг идэх гэж үү! Арьс яс болсон, аян замын
хүнийг эхлээд ус цасанд оруулж болгож борлуул гэв.
Шулмас эмгэн халуун усныхаа байшинг галлав. Андрей харваач усанд ороод
эхнэрийнхээ өгсөн алчуураар нүүр гараа арчвал Шулмас эмгэн хараад,
- Энэ алчуур яагаад чамд байдаг билээ? үүнийг чинь миний охин оёж
хатгасан юм гэж асуув.
- Таны охин миний эхнэр шүү дээ. Эхнэр минь надад энэ алчуурыг өгсөн
дөө.
- өө хүндэт хүргэн минь, би чамайг юугаар дайлах вэ? Ингээд Шулмас
эмгэн хоол унд амтат дарс ширээ дүүрэн өрөв. Андрей ч нэрэлхэж зоволгүй
идэж ууж суухад Шулмас эмгэн «Марья гүнж охинтой минь чи яаж гэрлэсэн, яаж
амьдарч байна?» гээд олон юм асуун шалгаав. Андрей ч цөмийг яриад хаан эс
мэдэх зүгт зорчоод үл мэдэх юм авчир гэсэн гээд,
- Та тусалбал сайн байна! гэв.
- Ай хүргэн минь, би ч ийм сонин хачин юм сонсоогүй юм байна. Харин
намагт гурван зуун жил амьдарч байгаа хөгшин мэлхий л энэ тухай мэдэж
байгаа. За яахав, чи одоо унт, оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ! гэлээ.
Андрейг унтахаар хэвтэхэд Шулмас эмгэн хоёр шүүр унаад нисэж намгийн дээр
ирээд дуудав гэнэ.
- Мэлхий вауглий, та амьд мэнд үү?
- Мэндээ мэнд.
- Намгаасаа гараад ирээч.
Мэлхий эмгэн намгаасаа гарч ирэхэд Шулмас эмгэн асуув.
- үл мэдэх юм хаана байгааг мэдэх үү?
- Мэднээ.
- Тусалж хайрлаач, хаана байгааг хэлээд өгөөч! Хүргэнд минь хүнд алба
оноожээ! Эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчир! гэсэн гэнээ.
- Заагаад өгөхсөн. Даанч хөгшин болсон өвчтэй эмгэн би тэр хүртэл үсэрч
дэвхэрч чадахгүй. Хүргэн чинь намайг бүлээн сүүн дотор суулгаад гал гол дээр
хүргэж өгөг, тэгвэл би хэлж өгнө.