Page 51 - demo
P. 51
Андрей харваач Марья гүнж хоёр ордондоо орон цонхныхоо дэргэд суугаад бие
биеэ хайрлан хайрлан ширтэж, элэг зүрхнийхээ үгийг дэлгэн дэлгэн ярилцана.
Ийм сайхан эв найртайгаар амьдран гай зовлонг үзэлгүй өдөр хоногийг
өнгөрөөж байв.
Гэтэл тэр үед ан авлаж явсан хаан урьд нь хоосон байсан газар үзэсгэлэнт
ордон байхыг хараад,
- Хэн миний нутаг дээр ингэж өөрийн дураар ордон цамхаг босгоо вэ? гээд
хүн явуулав.
Явсан хүмүүс Андрей харваач энэ ордныг босгоод залуу эхнэр Марья
гүнжтэйгээ амьдран суудаг юм байна гэсэн мэдээг хаандаа авчрав.
Хаан бүүр их уурлан хилэгнэж Андрей эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг
олж ирж үү, үгүй юу? мэдээд ир гэж элчээ дахин илгээв.
Элч нар давхин ирж дахин тагнаад хаандаа илтгэв гэнэ.
- Андрей харваач эс мэдэх зүгт зорчоод үл мэдэх юмыг авчирсан гэнээ!
Тэгэхэд хаан урьд урьдынхаасаа улам их хилэгнэн их цэргээ босгон хөх
тэнгисийн эрэг дээрх энэ ордон руу дайран довтолж эзэгнэн аваад Андрей
харваач Марья гүнж хоёрыг аймшигт үхлийн аманд өг! гэж зарлигдав. Хааны их
цэрэг ордон руу нь ирж явахыг харсан Андрей харваач сүхээ шүүрэн авч ирийг
нь доош харуулав. Сүх нь тас тас цавчин нэг хөлөг онгоц хийн тэнгист тавив,
дахин тас тас цавчин ахиад нэг хөлөг онгоц хийж тавьсаар зуун хөлгийг дор нь
хийж хөх тэнгист тавилаа гэнэ. Андрей цоор хөгжмөө гарган үлээвэл морьтой
явган олон цэрэг их буу, зэр зэвсэгтэйгээ жигдрэн жагсан бий болов гэнэ.
Морьтой жанжнууд тушаал зарлиг хүлээн дүүхэлзэнэ.
Андрей дайн тулалдаанаа эхлэхийг тушаав. Хөгжим хангинан, бөмбөр нижигнэн,
их цэрэг хороо хороогоороо урагшлав. Явган цэргүүд хааны цэргүүдийг хиар
цохив, морин цэргүүд хааж бүслэн баривчлан авна. Зуун хөлөг онгоц их буугаар
галлан төв хотыг бөмбөгдөнө. Цэргүүд нь буцаж зугтахыг харсан хаан өөрөө
давхин ирж цэргүүдээ зогсооход Андрей бороохойгоо гаргаж ирээд,
- Бороохой минь, энэ хааныг болгоод өгөөч, хашраагаад өгөөч! гэв.
Бороохой цахилан эргэлдэн хааны өөдөөс очин духан дундуур нь тасхийтэл
цохиход хааны амь писхийтэл гарав гэнэ.
Дайн тулалдаан ч дуусав. Хотоос ард олон гүйн ирж Андрей харваачийг улс
орны эзэн болж биднийг удирдан залаач гэж гуйв.