Page 121 - Артас Лич хаан
P. 121
Есдүгээр бүлэг
Жэйна Архимаг Антонидастай уулзах уулзалтаас хоцрохгүйг хичээн
цэцэрлэг дундуур жирийлгэж явна. Тэрээр ном шагайсаар уулзалтаас
дахин хоцорсон байлаа. Цаг барьж сур хэмээн багш нь түүнийг байнга
зэмлэх ч тэрээр ном нэг л шагайсан бол амтанд нь орж, цаг хугацааг
умартан шимтэн уншдаг аж. Зөөлөн шаахайтай тэрээр гүйцэд
боловсорсон алтан шаргал алимны модод дундуур хөнгөн бөгөөд
хурдтай гүйнэ. Боловсорч гүйцсэн том том алимууд жингээ даалгүй
хариугүй унах гэж байгаа мэт харагдана. Тэрээр хэдхэн жилийн өмнө
яг энэ газар, энэ моддын мөчир доор болсон яриаг бас-- Артас араас нь
гарч ирээд, хоёр гараар нүдийг нь таглаж, “Хэн бэ? Таагаарай.” хэмээн
шивнэж байсныг эргэн дурсаж, хөнгөн гунигт автлаа.
Артас. Тэр түүнийг санасаар л байлаа. Тэр үргэлж түүнийг санах байх
гэж бодно. Салалт гэнэтийн бөгөөд зовиуртай бас цагаа гайхалтай
олсон байсан – Өвлийн баярын тэр үдэш юу ч болоогүй мэт бүхнийг
өнгөрөөснөө бодохоор сэтгэл нь үйрэх шиг болж байсан. Гэсэн ч
түүний эхний шаналал аажимдаа тайтгарч, Артасын тайлбарыг бодох
тусам бүгдийг ойлгож эхлэлээ. Тэд хоёул залуу мөн түүний цаг
хугацааны тухай ярьсны дагуу тэдэнд аль алинд нь хүлээх ёстой үүрэг
хариуцлага, хийж дуусгах ёстой хичээл сургууль байсан. Охин түүнд
үргэлж найзууд байна гэж амласан, ингэж амлахдаа ч, дараа нь ч тэр
үнэхээр үнэнээсээ хэлсэн гэдгээ өөрөө баттай мэдэж байсан юм.
Тэрээр энэ амлалтандаа хүрэхийн тулд өөрийгөө шаналалаас
ангижруулах ёстой гэдгээ ч мэдсэн. Охин тэгж чадсан.
Энэ хэдэн жилийн хооронд багагүй зүйл өөрчлөгдөж, Жэйна
өөрийгөө завгүй байлгаж, сурч мэдэх бүхэндээ өөрийгөө
төвлөрүүлж байлаа. Таван жилийн өмнө, хүмүүсийн дундаас төрсөн
Кел’Тузад гэдэг хүчирхэг шидтэн шидийн ёсноос гажиж, муу ёрын
некромансерийн шидийг хэрэглэснээр Кирин Торынхноны уур хилэнг
бадраасан. Тэрээр удаа дараалан ноцтой сануулга авч, энэ туршилтаа
даруй зогсоогоогүйн улмаас шийтгүүлж, шидтэний зөвлөлөөс
хөөгдсөний дараа удалгүй хаа нэгтээ маш нууцлагаар ор сураггүй