Page 136 - Артас Лич хаан
P. 136
Аравдугаар бүлэг
Маргааш эртлэн босч, үд гэхэд тэд орхигдсон фермүүдэд хүрч амжив.
Үхсэн мэт аниргүй, эл хул болсон ферм нэг л хүйтэн сэтгэгдэл
төрүүлнэ. “Бидний хүрэх тосгон ийм хол гэж санасангүй,” хэмээн
Артас хэлээд газрын зураг ширтэн, “Энд ийм фермүүд байдаг гэж огт
тэмдэглээгүй байх юм.”
“Үгүй байлгүй дээ,” хэмээн Фалрик итгэж ядан хэлэв. Тэд эртнээс бие
биеэ мэдэх болсныг илтгэх мэт Фалрик хун тайжтай их дотно бөгөөд
шулуун аястайгаар ярьж буй нь анзаарагдам байв. Артас түүний
шулуун шударга занг сайн мэдэх ба аливаа хэрэгт хамгийн түрүүн
түүнийг дагуулж явахыг илүүд үздэг болжээ. Фалрик аль хэдийн
бууралтаж эхлэсэн толгойгоо сэгсрээд, “Ноёнтоон, би энэ газар өссөн,
эдгээр тариачидын ихэнх нь бие даасан жаягаар амьдардаг хүмүүс.
Тэд тариалангаа тарьж, мал сүргээ өсгөөд, тосгон руу аваачиж зардаг
юм, тэгээд гэртээ эргэж ирдэг.”
“Бусадтай цусан өстэй улс уу?” “Үгүй ээ, огт тийм биш, Эрхэм
Дээдэсээ. Тэд зүгээр л тийм амьдралын хэв маягтай байсан юм.”
“Хэрэв тийм жаягтай юм бол,” хэмээн Жэйна хэлээд, “хэн нэгэн
өвдлөө гэхэд тэд гаднаас тусламж дуудаж чадахгүй юм байна. Эдгээр
хүмүүс өвчинд нэрвэгдсэн байх.”
“Жэйна зөв юм хэлж байна. Эдгээр тариачдаас очиж асууцгаая,”
хэмээн Артас тушаагаад морио гуядав. Тэд өөрсдийгөө ирж буйг
тариачдад таниулан аажуухан дөхөж, өөрсдийгөө ч бэлтгэв. Тэд
үнэхээр л тусгаарлагдсан зожиг амьдралтай бас тэднийг тахал дайрсан
бол гаднаас цэрэг арми дагуулсан хэсэг хүмүүс ирж буйд ихэд
сэрэмжлэх байсан биз.
Малын хороо руу ойртох зуур Артас орчиноо сайтар ажиглан,
“Хараач,” хэмээн хорооны үүдийг зааж хэлэв. “Үүдийг нь эвдлэж,
доторх мал, амь зуулгыг нь авч одсон байна.”