Page 239 - Артас Лич хаан
P. 239
айдаст автаж, нүд нь бүүдийж, яргалуулсаар бие нь мэдээ алдсан мэт
харагдана.
Тэд энэ байдлаар удахгүй нь мэдээж.
“Та мэдэж байгаа байх, хатагтай минь,” гэж Фаранелл хэлээд,
“Скоржийг туршилтанд оруулах амаргүй юм. Туршилтын зорилгоор
бол, мэдээж, Форсэкен Скоржтой ижилхэн. Гэхдээ газар дээрх манай
туршилт маш амжилттай болж, сайн баримтжуулж авсныг дуулгахад
таатай байна.”
Силванасын дотор баяр гийх мэт болж, ховорхон бөгөөд одоо ч гэсэн
үзэсгэлэнтэй хэвээр буй инээмсэглэлээрээ эм зүйчийг мялааж
инээмсэглээд, “Наадах чинь сайхан мэдээ байна, тун сайн,” гэв. Үл-
үхэгч доктор хөөрсөндөө чичрэх шиг болов. Тэрээр толгой дохиж,
хувийн туслах Кийвэрийг дуудав. Кийвэр эхний удаа үхэхдээ гавал нь
ноцтой гэмтсэн бололтой ил сорвитой болж үлдсэн байх ба туршилтын
хоёр амьтныг авчрангаа мэдрэл муутай мэт өөртөйгээ юм ярьж
бувтанасаар байв. Туршилтын амьтны нэг нь айдас, цөхрөлд төдийлөн
автаагүй хүний эмэгтэй байх ба Кийвэр түүнийг торноос угзран
гаргахад мэгшиж уйлсангүй. Нөгөөх нь Форсэкены эрэгтэй байх ба
ямар ч идэвхгүй, үлбэгэр царайлан дуугүй зогсоно. Силванас түүнийг
ширтээд,
“Гэмт хэрэгтэн үү?” гэхэд,
“Мэдээж, хатагтай минь.” Силванас үнэн болов уу хэмээн гайхшрав.
Гэхдээ эцсийн эцэст, тэр туршилтанд орсоноороо нэгэнт л Форсэкены
үйл хэрэгт үйлчилж байгаа болохоор үнэн ч бай үгүй ч бай хамаагүй
л дээ. Хүний эмэгтэй өвдөглөн суусан байв. Кийвэр бөгтийн, үснээс
нь атгаж толгойг өөд харуулав. Түүнийг өвдсөндөө уйлахаар амаа
ангайхад Кийвэр ам руу нь ямар нэг аягатай юм цутгаад, амыг хааж,
залгиулахаар хүчлэв.
Түүний хий дэмий тэмцэхийг Силванас харж зогсоно. Хажууд нь
байсан Форсэкены эрэгтэй Фаранеллын өгсөн аягатайг
эсэргүүцэлгүйгээр авч, аягыг хуурай болтол шавхаж орхив.