Page 316 - Артас Лич хаан
P. 316
хөмсгөө үрчийлгэн зангидсан ч удалгүй сайхан ааштай болов. Артас
тэднийг удахгүй барих болно, тэдний үхэл гарцаагүй бөгөөд цаг
хугацааны л асуудал болохыг Силванас ухаарав.
Артас Силванастай харц тулан, нааш ир хэмээн өөр рүүгээ дохив.
Силванас харцных нь хүчинд автан урагшлав. Харин Кел’Тузадыг
Силванас шиг хүчлэх хэрэггүй байлаа, тэрээр эзнийгээ ирсэнд баярлан
догдолж, нохой адил нөмрөгөө дэврүүлсээр хажууд нь очив.
“Бид таныг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм, Хун Тайж Артас!”
хэмээн лич тал засав.
Артас өөрийн үнэнч барлагаа бараг харалгүйгээр, ганц хяламхийгээд
харц нь Силванасыг цоо ширтэж, “Сэтгэл хөдөлчихлөө,” гэж
ёжтойгоор хэлээд, “Чи ч бас намайг эргэж ирэхийг мэдэж байсан уу,
бяцхан банший?” гэхэд,
“Мэдэж байсаан,” хэмээн Силванас хүйтэндүү хэлэв. Үнэхээр үнэн
байлаа; үгүй бол тэрээр түүнээс өш хонзонгоо авах завшаанаа алдах
болно. Артас түүнээс илүү ихийг хэлүүлэхийг шаардаж, хуруугаа үл
ялиг хөдөлгөхөд Силванас нуруугаар нь хатгах хүйтэн хөндүүрийг
мэдэрч, арагш гэдийн амьсгаа нь бөглөрч, “Хун Тайж Артас,” хэмээн
нэмж хэллээ.
“Аах, гэхдээ одоо та нар надтай хаантан хэмээн хандах болно. Эцсийн
эцэст, энэ бол миний газар нутаг. Би энэ нутгыг удирдах гэж төрсөн,
тэгэх ч болно. Бид--” гэснээ,
Гэнэт тэр яриагаа зогсоож, хүндээр амьсгалав. Нүд нь бүлтийж,
тарчилсан нүүр нь үрчийв. Ямар нэгэн далдын хүчинд тамлуулж буй
мэт ясан хүлгийнхээ нуруун дээр элгээ даран бөгтийж, хуягласан
бээлийтэй гараар цулбуураас хамаг чадлаараа атгав. Үе мөч нь мултарч
буй мэт амь тэмцсэн тод архирах дуун амнаас сад тавив.
Куэл’Таласыг нуран унасан тэр аймшигт өдрөөс хойш анх удаагаа
Силванаст хамгийн тааламжтай зүйл тохиолоо, тэр нь Артасын
шаналан бархирахыг харах алдмааргүй энэ агшин байлаа. Тэрээр