Page 313 - Артас Лич хаан
P. 313
хуйвалдаан эхлүүлэв. Артас Кел’Тузад хоёр хоёул яруу алдарт Нарны
Худгыг бузарлаж, Азерот руу Аркимондыг нэвтрүүлэх бузар хэрэгт
гар бие оролцсон. Гэтэл одоо тэд хийсэн бүхнээ үгүйсгэх мэт үгсэнэ.
Силванас Артасын хийж буй үйлдэл, тулааны арга тактик бүрийг маш
анхааралтайгаар ажиглаж, сонсож, хэтдээ түүнтэй тулалдахад
өөрийгөө бага багаар боловсруулна.
Артас Мал’Ганисыг хороосон шигээ Тайкондриусыг ч бас өөрийн
гараар хороохыг оролдсонгүй. Арай ч үгүй байлгүй дээ, цагаандаа
гарсан хүний хун тайж өөрийн бохир ажлыг хийлгэх нэгэн мулгууг
олчихлоо. Тэр азгүй, мулгуу амьтан нь Иллидан. Артас хүч чадалд
хомхойрсон түүний сул тал, шунал бачуурлыг олж мэдчихээд, түүнийг
нь өөрийнх нь эсрэг ашиглан, оркийн домогт дайны онгод асагчийн
хүчирхэг шившлэгтэй Гул’даны Гавалыг хулгайлуулахаар хатгаж
чадсан байна. Ингэхийн тулд Иллидан Тайкондриусыг хөнөөх
хэрэгтэй. Иллидан юуны өөдөөс яваагаа ч мэдэхгүй байгаа. Хэрэв тэр
Тайкондриусыг хөнөөж чадвал Артас дредлордоос ангижирч,
Иллидан хүч чадлаа түр ч болов цатгаж, хангах шидэт артифактаар
шагнуулах болно. Нэг үгээр хэлэхэд, бүх юм төлөвлөснөөр явагдаж
байх шиг байна. Артас Иллидантай таарснаас хойш дахин түүний
барааг харсангүй --гэсэн ч хүссэнээ хийлгэж чадсныг нь Силванас
Артасын царайнаас унших мэт ойлгов.
Аркимондын хувьд…. ид шидийн аугаа хот Далараныг ганцхан
шившлэгээр сөнөөж чадсан энэ аварга том амьтан өөрийн болгохоор
зорьж ирсэн амьдралын эх булагийг залгиж чадалгүй өмнө нь хүчин
мөхөсдөж унасан байлаа. Аварга ад чөтгөрийн үхэл сэтгэлийг нь
хоёрдуулж, Силванас энэ агшинд яг л Легионы адилаар амьдралыг
үзэн ядав. Шөнийн элфүүд түүнийг ялахын тулд мөнхийн амьдралаа
золиослосон байлаа. Цэвэр байгалийн хүчийг хуримтлуулан ад
чөтгөрийг дотроос нь тэсэлсэн бөгөөд ад чөтгөрийн аугаа их хүч
замдаа таарсан бүхнийг хөнөөх тэсрэлтийн хүчтэй долгион болон
тархаж Ээж Модыг шатаав. Аркимондыг унахад түүнээс зөвхөн араг
яс нь л үлдэв, түүнтэй адилаар энэ ертөнцөд ноёрхолоо тогтоох гэсэн
Легионы оролдлого ч бас бүтэлгүйтэв.