Page 322 - Артас Лич хаан
P. 322
Хорин хоёрдугаар бүлэг
Aртас шанаагаа илэнгээ тархинд нь буусан дүр зургыг эргэн санах гэж
дахин дахин оролдов. Лич Хааны түүнтэй харилцсан харилцаа бүхэн
урьд нь зөвхөн Фростмурнаар дамждаг байсан. Гэтэл саяын мэдэрсэн,
гол таслам хүчтэй өвдөлт түүнд Лич Хааны барааг харах анхны
боломжийг олголоо. Тэрээр хэний төлөө зүтгэж байгаа гэдгээ анх
ингэж харав.
Лич Хаан нэгэн саруул хонгилын үзүүр дэхь аварга хавцлын гүнд гав
ганцаараа Фростмурны хашигдаж байсан шиг мөсөн бүрхүүл дотор
хоригдсон байгаагаар харагдав. Харин тэр мөсөн бүрхүүл нь ширхэг ч
зураасгүй толигор агаад дотроос нь түүний төрх тод харагдана.
Түүнийг хашсан мөсөн бүрхүүлийг хэн нэгэн цохиж эмтэлсэн мэт
жаахан цуурсан агаад эмтэрсэн бутархай нь ард нь унасан хэвтэнэ.
Мөсний цаанаас бүүдийх Лич Хааны харц түүн рүү хальт харах мэт
болоод дотор зурам зуурсан муухай, хүйтэн хоолойгоор үхлийн хүлэг
баатрын чихийг дөжрөөж, тархинд дуу нь хадав. Энэ агшинд үхлийн
хүлэг баатар Лич Хааны мэдрүүлж буй шаналалыг тэвчилгүй
гаслантайгаар ёолов:
“Мөсөн Оргилд аюул тулгараад байна! Хүч чадал минь алдагдаж
байна…. Цаг ч бага байна…. Чи Нортренд руу нэн даруй эргэж ирэх
ёстой!” гэхийг сонсоод гэдэсэндээ жад сүлбүүлсэн мэт Артас
муухайгаар ёолоход: Лич Хаан “Үгэнд минь ор!” хэмээн дахин нэг
хатгуулаад үгээ дуусгав.
Лич Хааны дүр зураг үзэгдэн өөрийг нь ингэж тамлах бүрт Артас
өвчилсөн хүн мэт шанална. Биеийг нь хүчтэйгээр цочроож хатгах
бүрт жирийн хүн байсан үеийнх шигээ хүчин мөхөс болсон мэт
аахилж, Лич Хаанаас анх гардаж авснаасаа илүү их хүчийг буцаан
алдаж байгаагаа мэдэв. Тэрээр улам сул дорой, эмзэг болж…
Фростмурныг анх атгаж, итгэж, зүтгэж явсан бүхнээсээ нүүр
буруулсан тэр цагаас хойш анх удаагаа л ийм өрөвдөлтэй байдалд орж
үзлээ.