Page 121 - Бат хааны байлдан дагуулал
P. 121
Команийн талд (1238-1239)
Хоёр жил гаруй үргэлжилсэн дайны дараа монголчууд аян замын гол
хүндийг үүрсэн агт морьдоо амрааж, өөрсдөө ч алжаал тайлахыг
хүсч байсан ч команчууд ба черкесчүүд босож, тэднийг ихэд
сандаргажээ. Босогчидтой нутагт амарч байлтай нь биш, монголчууд
1238 оны намар дахиад л мориндоо мордов. Мөнх, Хадан нарын цэрэг
Кубаниас цааш явж, черкесчүүдийг номхотгож, ноён Тукарынх нь
амийг хороосон байна. Хэдийгээр черкесчүүдийг хойд Кавказ руу
таягдан хаясан ч тэд өвдөг нугалаагүй байна.
Нэгэн зэрэг монголчууд команчуудын эсрэг байлдааны ажиллагаа
эхлүүлжээ. Команчууд черкесүүдийг бодвол илүү хүчтэй байсан учир
Бат хаан тэдний эсрэг гол хүчээ илгээсэн байна. Бэрхийн цэрэг
команчуудыг хэв журамд оруулж, жанжин Аржуман, Куранбас,
Капаран (Канерин) нарыг олзолсноор бослогыг даржээ[150].
Энэ явдлаас хойш олон жилийн дараа Команийн тал нутгаар аялсан
Плано Карпини, Вильгельм Рубрук нар алагдсан хүний яс, үхсэн
хүний хүүрнээс өөр юм олж харсангүй гэж тэмдэглэсэн байдаг.
Тухайлбал, Плано Карпини: «Команид бид шивх мэт газраар
хөглөрсөн үхсэн хүмүүсийн хохьмой толгой, яснаас өөр юу ч олж
хараагүй»[151] гэж тэмдэглэн үлдээжээ.
Ойрын үед удаах аян дайн эхэлнэ, тэгэхдээ илүү урт хугацаагаар илүү
хол явах байсан учир ар талдаа «найдваргүй» хүмүүсийг үлдээх нь
асар их хүчээр олсон амжилтаасаа сайн дураараа няцахаас өөрцгүй
байв. Тиймээс бослогын голомт үлдээхгүйн тулд монголчууд Черкес,
Команийн газар нутгийг хоосолж, хот тосгодыг нь шатааж, ард
иргэдийг нь алж талж, үлдсэнийг нь боол болгон худалдсан байна.
1238 онд Шейбан, Бүжэг, Бүри нарын цэрэг Днепр ба Дон мөрний
хөндийгөөр нутаглаж байсан команчуудыг бут цохин, эрхшээлдээ
оруулж, Крымын хойгийг эзлэн авч, Өмнөд Оросод довтлохоор
бэлтгэж байгаа их цэргийн үндсэн хүчид байлдааны түшиц газар
бэлтгэж өгчээ.