Page 122 - Бат хааны байлдан дагуулал
P. 122
Монголын цэргийн нэгэн анги 1238 оны намар аланчуудын эсрэг
хөдөлж, хэдэн сар үргэлжилсэн тэмцлийн эцэст тэднийг байлдан
дагуулж, нийслэл Магас хотыг нь авсан байна. Домогт өгүүлснээр,
монголчууд Магас хотоос нэрийг нь л үлдээсэн бөгөөд их хэмжээний
олз омог олжээ. Хотыг авсны дараа монголчууд алагдсан алан хүн
бүрийн чихийг огтлон цуглуулахад 270 мянган чих цугларсан
гэдэг[152]. Хэдийгээр энэ тоог хэт дэгсдүүлсэн ч гэсэн аланчууд
монголчуудад ширүүн эсэргүүцэл үзүүлсэн болох нь тодорхой.
1237 оны эцэс-1238 оны эхэн үеийн монголчуудын довтолгоонд
өртөлгүй хоцорсон Оросын ванлигууд хэдийгээр бэлтгэлээ базаах
бүтэн жилийн хугацаа хожсон, нөгөөтэйгүүр Бат хааны цэрэг амрах
нь байтугай харин ч эзлэгдсэн ард түмнүүдтэй тэмцсээр тэрхүү нэг
жилийг өнгөрөөсөн ч оросуудад тусгаар тогтнолоо хамгаалан үлдэх
ямар ч боломж байсангүй.
Орос, Европыг дайлаар мордсон их аян дайны үед Бат хааны удирдах,
зохион байгуулах гарамгай авьяас тод илэрсэн юм. Цэрэг-дайны
түүхэнд хаан хүн байр суурь, эрх мэдлээрээ далайлгаж, илүү
туршлагатай, мэдрэмжтэй жанжинд буруу зааварлаж, улмаар ялагдал
хүлээх нь элбэг. Түүхийн хуудсыг эргүүлэн үзье.
1805 онд Орос-Австри-Францын дайны үеэр хээрийн армид хүрэлцэн
ирсэн Оросын эзэн хаан I Александр, Австрийн эзэн хаан II Франц
хашир жанжнууд нь татгалзаж байсан ч нөхцөл, байдлыг харгалзалгүй
Францын армитай тулалдахыг шаарджээ. Улмаар холбоотны арми
Аустерлицын дэргэд Наполеоны цэрэгт бут цохигдсон байна.
Тэгвэл Бат хаан стратегийн төдийгүй, тактикийн асуудал дээр XIII
зууны шилдэг жанжин Сүвэдэйтэй зөрдөггүй байсан нь Монголын их
цэргийн ялалтын нэг үндэс болсон юм. Өөрөөс илүү дадал чадвартай
хүний үгийг дагаж мөрдөх нь холыг харсан удирдагчийн голч мэргэн
ухааны илрэл билээ. Гэхдээ нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэхэд
Бат хаан Орос ба Европт хийсэн аян дайнд ямар нэг үүрэг
гүйцэтгээгүй, гагцхүү Сүвэдэй баатрын үгийг дагаж байсан гэж үзэж
болохгүй. Баруун зүгийн орнуудыг дайлаар мордож, Адриатын тэнгис