Page 128 - Бат хааны байлдан дагуулал
P. 128
аравдугаар сарын сүүлээр монголчууд цааш хөдөлж, Десна, Сейм
голуудын хөвөөгөөр оршдог Путивль, Глухов, Вырь, Рыльск гэх мэт
цайз-хотхонуудыг байлдан авч, газрын хөрстэй тэгшилсэн байна. Бат
хаан их цэргээ шууд Киев рүү хөдөлгөхийн оронд Крым, Кавказ,
Булгар луу довтолжээ. Монгол цэргийн анги нүүдэлчин команчуудын
нэг аймгийг туусаар Крымд цөмрөн орж, Хар далайн томоохон боомт
Судак (Сурож, Солдайя гэх нь ч бий)-ийг 1239 оны арванхоёрдугаар
сарын 26-нд буулган авчээ.
1240 оны оны эхээр Мөнх ханы цэрэг «Оросын хотуудын эх» хэмээн
алдаршсан Киевт тулан иржээ. Киевийн гоо сайхныг хараад гайхан
биширсэн Мөнх хан хотыг эвдэж сүйтгэхгүйн тулд 10 хүний
бүрэлдэхүүнтэй элч илгээж, бууж өгөхийг санал болгосон ч киевчүүд
тэднийг балмад хэрцгийгээр хороож, эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн хариу
өгсөн байна.
Ер нь ямар хувь тавилан сонгох нь тухайн ард түмний эрх билээ.
Энэхүү сонголтынх нь төлөө тэднийг буруушаах, зэмлэх эрх бидэнд
үгүй. Гагцхүү тэрхүү сонголтыг нь бид хүндэтгэн үзэх үүрэгтэй.
1940 онд фашист Германы арми Парист дөхөж ирэхэд францчууд
нийслэлээ сүйтгүүлэхгүйн тулд Нээлттэй хотоор зарлаж, цагаан туг
өргөсөн. (Олон улсын эрх зүйн дагуу Нээлттэй хотод байлдагч
талуудын нэг ч сум тусах ёсгүй.) Тэгвэл таван жилийн дараа
фашистууд өөрсдийн нийслэл Берлиныг эцсээ хүртэл хамгаалж, үнс,
нурам болгуулсан билээ. францчуудыг хулчгар хэмээн адлаж,
германчуудыг зоригтой хэмээн магтах эрх бидэнд бий гэж үү? Үгүй
гэж би бодож байна. Ард түмэн бүр хувь тавилангаа өөрийн
хүссэнээр сонгох эрхтэй.
Киевчүүд эцсээ хүртэл тэмцэж бололгүй яахав. Гагцхүү элч нарыг
хороож яах гэсэн юм? Ингэснээр киевчүүд давж заалдах эрхгүйгээр
өөрсдөдөө үхлийн ялын тогтоол уншсан юм. Чингис хаан элч нарыг
нь хөнөөсөн хотуудын хүн амыг хүйс тэмтэрдэг байсан бөгөөд эл
уламжлалыг Бат хаан үргэлжлүүлэв.