Page 131 - Бат хааны байлдан дагуулал
P. 131
дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байснаа эргэн дурсаж,
Ростиславыг баривчлан, түүний оронд мянгатын дарга Дмитрыг
Киевийн захирагчаар томилсон байна[160]. Учир нь Киевт вангаар
суучих зоригтой хүн байсангүй. Мэдээж, хүчирхэг дайсны өмнө
киевчүүд зөрчилдсөн нь тэдний хамгаалалтад эерэгээр нөлөөлөөгүй
нь лавтай.
1240 оны арваннэгдүгээр сарын 28-нд Бат, Орд, Байдар, Бүри, Гүюг,
Хадан, бурундай, Сүвэдэй нарын цэрэг Киевт тулж иржээ[161].
«Тоо томшгүй олон хүмүүсийн уйлаан чарлаан, модон тэрэгнүүдийн
дугуйны чахраан, тэмээ буйлж, морьд янцгаах их дуу чимээний дунд
хүмүүс нэг нэгнийхээ хэлсэн үгийг үл сонсох ажгуу»[162] хэмээн он
тооллын бичээч бүслэгдсэн Киев дэх байдлыг дүрсэлсэн байдаг.
Киевчүүд үхэх сэхэх мөч ирснийг ойлгож, ялагдсан ч дайсанд юу ч
үлдээхгүйн тулд эд хөрөнгөө нууж, устгаж эхлэв. Б.А. Рыбаков:
«Батын түрэмгийлийн үед хотын оршин суугчид үнэт зүйлээ газарт
булж байв. Одоо ч гэсэн Киев болон бусад хотод малталт хийхэд энэ
үед нуусан эд агуурс олддог»[163] гэж бичсэн нь бий. Энэ талаар М.К.
Каргер ч өөрийн «Эртний Киев» хэмээх суурь бүтээлдээ дурдсан
байдаг[164].
Бат хааны цэрэг Лядын их хаалга руу гол цохилтоо хандуулжээ.
«Хятадын оньсон зэвсгийн тусламжтайгаар монголчууд хот руу чулуу,
мод, цогцос, дүрэлзэн асч буй тостой шавар сав, грек гал гэгчийг
шидэж байлаа. Хот шатаж, хоёр тал хар чадлаараа хашгиралдан гардан
байлдаанд орж байв. Киевийн хана туурга түншүүр зэвсгийн
цохилтонд чичирч байлаа. Дайсан [монголчууд] өндөр дугуйтай
байшингуудыг хотын хана руу өнхрүүлж, тэнд байрласан дайчид
хотыг галтай сумаар харваж, зарим нь хана өөд харайн гарч, оросуудад
алагдан доош унацгааж, оросын хурц сүхэнд цавчигдсан өндөр
дугуйтай байшингууд тал тал тийш бутарч байлаа. тулалдаан
өглөөнөөс үдэш болтол, үдшээс өглөө хүртэл өдөржин шөнөжин
үргэлжилж, дуу шуугиан тасрахгүй байв»[165] гэж Орос-Зөвлөлтийн
түүхч В.Н. Шевяков хотын гаднах байлдааныг дүрсэлсэн байдаг.