Page 134 - Бат хааны байлдан дагуулал
P. 134
Энэ үеэр монгол цэргийн нөгөө анги Галич-Волынийн вант улсын
нутагт нэвтрэн орсон байна. Хэдэн өдөр үргэлжилсэн тулалдаан
Оросын томоохон хотын нэг Владимир-Волынский унаснаар дуусав.
тус хотыг 1231 онд бүслэн хааж байсан Мажарын ван: «Ийм том
хоттой би Германд ч таарч байсангүй» гэж уулга алдаж байсан гэдэг.
Үүнээс үзэхэд тус хот хэр зэрэг бэхлэгдсэн байсан нь тодорхой.
1930-аад онд Польшийн археологчид Владимир-Волынский байсан
газар малтлага хийхэд хотын төвийн хэсэг тэр аяараа 30 см зузаан үнс,
нурамд хучигдсан, тэр дотроос хүйтэн зэвсэгт өртөж эрэмдэг
зэрэмдэг болсон яс үй олноороо илэрсэн байна. Байдлаас үзэхэд хотын
төлөө тулалдаан удаан хугацаанд туйлын ширүүн өрнөсөн төлөвтэй
байлаа[171].
Эсэргүүцэл үзүүлэх нь утгагүйг ойлгосон Волынийн өмнөд
хязгаарын вангууд монголчуудаас эмээж, тэдэнд алба гувчуур барих
болжээ. монголчууд Волынийн газар нутгийг орхин цааш, баруун зүг
рүү хөдөлсөн байна. «Байлдан дагуулагчдын ангиудын дайрч
өнгөрсөн газар болгоноос хожим археологичид үнс нурманд
хучигдсан хоосон балгасыг олж байлаа/…/ батын түрэмгийллийн үед
сөнөсөн ихэнх суурин дахин хэзээ ч сэргээгдээгүй юм»[172] гэж В.В.
Каргалов гунигтайяа тэмдэглэсэн байдаг.
Владимир-Волынскийн дараагаар Галич, Ижеславль, Бужск,
Звенигород зэрэг олон хотыг байлдан эзэлснээр Бат хааны цэрэгт Зүүн
хийгээд Төв Европын орнууд руу цөмрөн орох үүд хаалга нээгджээ.
Киев унаж, Өмнөд Орос есөн хөлт тугийн доор сөгдсөний дараа
Оросын хэд хэдэн ван Зүүн ба Төв Европын орнууд руу дүрвэсэн
байна. Тэд Бага Польш, Силезийн вангаас орогнол хүссэн ч нааштай
хариу аваагүй байна. Гагцхүү Мазовийн ван Болеслав Чернигов болон
Галич-Волынийн вангуудад орогнол олгож, Вышеград хотыг тэдний
мэдэлд өгчээ[173].
1237-1240 оны дайныг А.В. Шишов дүгнэж: «Орос түүхэндээ үзээгүй
үгүйрэл хоосролыг амсаж, ихэнх хот нь үнсэн товрог болж, олон арван