Page 139 - Бат хааны байлдан дагуулал
P. 139
Бат хааны ялгуусан цэрэг есөн хөлт тугаа намируулсаар хэд хэдэн
чиглэлээр Европт үер мэт түрэн орж ирэв.
Сүвэдэй баатар урьдын адил хэдэн нүүдлийн цаадахыг харсан
төлөвлөгөө боловсруулсан байлаа. Европыг тэг дундуур нь тасалж,
хүчээ нэгтгэх боломж олголгүйгээр тус тусад нь няц дарах зорилгоор
аль зүгт ямар хүчээр цохилт өгөхийг тооцоолсон байв. Алтан ургийн
Байдар ханы тэргүүлсэн хоёр түмэн цэрэг Польш, Силезид цөмрөн
орж, Генрих вангийн армийг устгах үүрэг хүлээжээ. Хадан хан
Мажарын нутгийг өмнөд хилээс нь эхлэн бүсэлж, Өмнөд Европын
вант улсуудаас тусламж авах замыг нь хаагаад гол хүчинтэйгээ нэгдэх
ёстой байлаа. Харин Бат хаан өөрөө үндсэн цэргийнхээ хамт
Мажарын зүрх болох Буда болон Пешт хотыг суга татахаар хөдөлжээ.
40 мянган өрхийн хамт Мажарын IV Бела вангийн ивээлд шургасан
Команы хаан Котяныг ивээгчтэй нь цуг цээрлүүлэх явдал
монголчуудын эн тэргүүний зорилго байлаа. Учир нь Котяныг албат
иргэдийнх нь хамт тушаахыг шаардаж, эс зөвшөөрвөл дайлаар
мордохоо илэрхийлсэн Бат хааны зарлигийг Бела үл хэрэгссэн
төдийгүй, элч нарыг нь хороосон байна.
«Энд нэг зүйлийг онцлох цаг боллоо. Монголын элч болон
худалдаачдыг хорезмчууд хороосны дараа [Отрар хотын захирагч
Хайрхан Инальчийг хэлж байна — Ч.Ч.] Дундад Азид дайн дэгдсэн
бөгөөд үүнээс хойш монголчууд дайсан руугаа элч илгээхээ зогсоож
болох байсан. Орчин үеийн хүн хүртэл ингэлээ гэж монголчуудыг
буруутгахгүй. Монгол элч нарыг балх болон Козельскд, Калка голын
хөвөөн дэх тулалдааны өмнө гэх мэтээр удаа дараа хороосоор байв.
Гэсэн ч монголчууд шаргуу нь аргагүй бүр цайз болгон луу элч
илгээсээр байсан. Одоо ч Монголын элч нарыг мажарууд хөнөөлөө.
Энэ юуны тухай өгүүлж байна вэ? XIII зууны агуу их монголчууд тэр
үеийн зэрлэг ертөнцөд олон улсын харилцааг зохицуулах соёлжсон
дүрэм тогтоохыг нэн шаргуу хичээж байсан нь эндээс харагдана.
Гагцхүү энэхүү дүрмийн ачаар л П.Карпини, Г.Рубрук нарын элч,
худалдаачин М.Поло ах нарынхаа хамт хүрэлцэн ирж, Монгол гүрэн
даяар амгалан тайван, ая тухтай аялах боломж бүрдсэн юм»[182].