Page 142 - Бат хааны байлдан дагуулал
P. 142
түрэмгийлэгчид түүнийг нурааж чадаагүй ажээ. Польшийн ард
түмний баатарлаг эсэргүүцлийн дурсгал болсон энэхүү дугана одоо ч
гэсэн тус хотод сүндэрлэж байна.
Дөрөвдүгээр сарын 2-нд Байдар, Хайду нарын нэгдсэн цэрэг
Силезийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг
нь түймэрдэн шатаажээ. Асар богино хугацаанд Бага Польш бут
цохигдсон нь гэгээн цагаан өдөр аянга ниргэхтэй адил болов.
Польшийн ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө нэгэн
зэрэг босов. Ард түмний тэмцлийг язгууртнууд, рыцариуд дэмжжээ.
Ганц нэгээрээ босоод юунд ч хүрэхгүйг хүн бүр ойлгож байлаа.
Бага Польшийг түрэмгийлж бусниулсан нь энэ улсын бусад газар
нутагт ч айдас хүйдэс төрүүлжээ. Генрих вангийн уриалгаар
Польшийн өнцөг булан бүрээс Вроцлав руу рыцариуд, тариачид,
хамжлагат ард зэрэг сайн дурынхан цуварч эхлэв. Бага Польш, Их
Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын воеводын ах Сулиславын
удирдлага доор цугларч байсан бол Дээд Силезийн цэргийг
Опполегийн Мечислав толгойлжээ. Генрих өөрөө Доод Силезийн
цэргийг захирав.
Чехийн ван «Ганц нүдэт» хочтой I Вацлав гар хумхин суусангүй дайнд
эрчимтэй бэлтгэж байлаа. Хүч хавсрахыг санал болгосон Генрихийн
хүсэлтийг тэрээр тун уриалгахан хүлээн авч, удалгүй дөрвөн түмэн
явган цэрэг, зургаан мянган морин цэргийн хамт нийслэл Прага хотоо
орхин, түүнтэй нэгдэхээр Силези рүү хөдөлжээ.
Нөхцөл байдал ингэж эргэсэнд Байдар, Хайду нар түмт, мянгатын
дарга нарыг хуралдуулж, дайсны хүчийг нэгтгэлгүй өрсөж цохихоор
шийдэж, Вроцлавын бүслэлтээ зогсоож, Генрихийн арми руу
хөдөлсөн байна. Цаг хугацаатай уралдахгүй бол болохоо байгаад
байлаа. Чехүүд хэдхэн өдрийн зайд ирээд байгааг туршуулууд
мэдээлж байв. Гэхдээ хамгийн гол нь Генрихийг Вацлав руу
ухруулалгүй тулалдаанд оруулах нь чухал байлаа.
Гэвч Генрих өөрийн хүчинд эрдэж, Вацлавыг хүлээлгүй
монголчуудтай зэвсэг зөрүүлэхээр зориг шулууджээ. Магадгүй, тэрээр