Page 145 - Бат хааны байлдан дагуулал
P. 145
эзлэн түрэмгийлэх бодлоо хойш тавьж өмнөд зүгт орших Унгарыг
чиглэн оджээ[184].
Тулалдааны дараа вангийн бэлэвсэн гэргий Анна[185] эр нөхрөө
загалмайтны ёсоор оршуулахаар цогцсыг нь хайгаад хайгаад олоогүй
байна. Учир нь монголчууд Генрихийн толгойг тастаад, тонон
дээрэмдсэн учир олон арван мянган цогцосноос таних арга байсангүй.
Тиймээс Анна зүүн хөлөндөө зургаан хуруутай хүний цогцсыг
хайхыг тушааж, гагцхүү ингэж л золгүй вангийн биеийг олж чаджээ.
Энэ явдлаас хойш 600 жилийн дараа буюу 1832 онд археологичид
Генрих вангийн гэгддэг булшийг нээхэд үнэхээр толгойгүй, зүүн
хөлөндөө зургаан хуруутай араг яс олдсон байна. Генрихийн цогцос
олдсон газар хожим сүм барьсан бөгөөд өдгөө жуулчдын очих
дуртай газрын нэг болжээ.
Генрих ван алагдсан тухай өөр нэг хувилбар бий. Энэхүү хувилбараар
бол: «Монголчууд Силезийн Генрихийг олзолж, тулалдааны үед амь
үрэгдсэн монгол цэргийн жанжны өмнө сөгдүүлжээ. Үүний дараа
ванг хороож, харин толгойг нь Бат хаанд илгээсэн байна»[186].
Юутай ч эр нөхрөө загалмайтны ёсоор оршуулах гэж Анна ахайтан
чамгүй зовжээ.
Загалмайтны үйл хэргийн төлөө амь насаа алдсан Генрихийг зовлон
эдлэгч хэмээн зарлаж, «Үнэн сүсэгт» хэмээн хочлон өргөмжлөх
болсон юм.
Тулалдааны орой монголчууд дайсны алагдсан цэргүүдийн баруун
чихийг огтолж, есөн шуудай дүүргэжээ[187]. Зарим эх сурвалжид
дурдсанаар бол Легниц дахь тулалдаанд европчууд нийт 40 мянган
цэргээ алдсан гэсэн нь бий[188]. Зөвхөн тамплиерын бүлэг л 500
рыцарь алдсан нь маш их тоо байлаа. (Харьцуулж хэлэхэд 1242 оны
Чудын нуурны мөсөн дээр болсон тулалдаанд Новгородын ван
Александр Ливоны бүлгийн цэргийг бут цохиход 50 рыцарь алагдсан
байна.) Харин монголчууд Легницын тулалдаанд 4000 гаруй цэргээ
алджээ[189].