Page 146 - Бат хааны байлдан дагуулал
P. 146
Легниц дахь тулалдааны үеэр монголчууд байлдааны түүхэнд анх удаа
хорт хийний нэг төрлийг ашигласан гэж судлаачид үздэг. Тулалдааны
эхэнд талбар дээр гашуун утаа амтагдаж байсан талаар европчууд
ярьсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн нь бий. Европчууд салхины
өөдөөс харж байрлалаа эзэлсэн байдаг. лууны толгойгоор чимсэн
тусгай хоолойнуудын тусламжтайгаар монголчуудын цацсан утаа
салхинд туугдан Генрих вангийн цэрэгт хүрч байв. Тэрхүү
хоолойнуудыг европчууд анхандаа дохио өгдөг молцог байна гэж
андуурчээ. Он тооллын бичээч Ян Длугошийн тэмдэглэснээр тэдгээр
молцгуудаас «гэнэт үүл мэт маш их хэмжээний өмхий үнэртэй утаа
гарч, байлдааны талбайг битүү хучсан. [Холбоотны] цэргүүдийн
толгой эргэж, байлдах чадвараа алдаж байлаа»[190]. Монголчуудын
хэрэглэсэн утааг судар бичгүүдэд хэрхэн дүрсэлснийг нь эрдэмтэд
судлаад, сэтгэл мэдрэлд нөлөөлж, тамирдуулах үйлчилгээтэй хийний
нэг төрөл байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг[191].
Легниц дахь тулалдаанд Европтоо шилдэгт тооцогддог герман
рыцариуд хиар цохиулсан нь Буурал Европыг монголчууд байлдан
дагуулах бүрэн чадвартай, тэдэнд эсэргүүцэл үзүүлж, довтолгооныг
нь зогсоож чадах хүч үгүй болохыг бэлхнээ харуулсан юм.
Хожим герман рыцариуд монголчуудыг хуурамчаар зугатсаныг цэрэг
ёсонд нийцэхгүй үйлдэл болсон гээд, рыцарь хүн ийм үйлдэл хийхээс
цээрлэдэг гэсэн яриа гаргасан юм. Гэтэл Легниц дахь тулалдаанаас
1600 гаруй жилийн өмнө Эртний Грекийн дайчин улс Спартын хаан II
Агесилай: «Дайснаа хуурч мэхлэх нь шударга төдийгүй, таатай» гэж
хэлсэн байдаг нь нэгийг өгүүлнэ.
Генрих ванг алагдах үед Чехийн ван Вацлавын цэрэг Легницээс ердөө
нэг хоногийн зайд ирээд байв. Байдар хан дайсны шинэхэн хүчинтэй
дахин тулалдахаас болгоомжилж, Бат хаантай нэгдэхээр Мажарын зүг
хөдөлжээ[192]. Явуут дундаа Вроцлавыг авахыг оролдсон ч
бүтэлгүйтсэн байна. Үүний дараа монголчууд Одмухов руу хөдөлж,
Доод Силезид хэд хоноод, Рацибужд тулан очжээ. Томоохон хотуудыг
авах зориулалттай оньсон зэвсэг байгаагүй учир Байдар хан
амжилтгүй довтолгооныхоо дараа дөрөвдүгээр сарын 16-нд Бат