Page 151 - Бат хааны байлдан дагуулал
P. 151
байр сууринаас хандаж, объектив үнэлгээ өгсөн «Монгол цэргийн
түүхийн товчоон» суурь бүтээлд тодорхой дүрсэлсэн байдаг.
Дөрөвдүгээр сарын 9-ний шөнө дөлөөр Бат хаан цэргээ хоёр хувааж,
нэг хэсгээр нь мажаруудыг өөртөө татан байлдуулж, нөгөө хэсгийг
нь гол гатлуулж дайсны ар талаас цохиулжээ[196]. Энэ өдрийн
тулалдаан монголчуудад ялалт авчирсангүй. Цэргүүддээ үлгэр
дууриалал үзүүлж, зоригжуулахын тулд Бат хаан өөрөө гардан
тулалдаанд оржээ. Гэхдээ хүн, хүчээр хавьгүй илүү дайсныг ялахад
монголчуудад амар байсангүй. Ялангуяа цэргээ хоёр хувааснаар
монголчууд дайснаасаа үлэмж дутуу байв. Дээр нь цэргийн нөгөө
анги гол гаталж чадалгүй саатжээ.
Орой нь Бат хаан цэргийн дарга нарыг хуралдуулж, нэгэнт голыг
гатлах боломж үгүй учир шийдвэрлэх тулалдаанд орохоос
зайлсхийхийг санал болгосон ч Сүвэдэй баатар эрс татгалзаж: «Хаан
эзэн минь. Таныг хүчээр тулалдуулах эрх надад үгүй билээ. Гэхдээ
миний тулалдах эрхийг та ч хорих ёсгүй» гэжээ. Цэргийн жанжнууд ч
Сүвэдэй баатрыг дэмжив.
Энэ тухай түүхч Ж. Мэн: «Сүвэдэй бол яах аргагүй XIII зууны үеийн
хамгийн суут жанжин байсан юм. Түүний энэхүү суу билиг нь ялна
гэдэгт өчүүхэн ч эргэлзээ үлдээгүй тохиолдолд л тулалдаанд ордгоор
илэрдэг»[197] хэмээн тэмдэглэсэн байдаг.
Дөрөвдүгээр сарын 10-ны турш монголчууд гол гатлах бэлтгэлээ
базаав. Оньсон зэвсгийн тусламжтайгаар дайсны халхавчийг голын
эргээс хөөх хоорондуур инженерийн ангийнхан гүүр тавьжээ.
1241 оны дөрөвдүгээр сарын 11-нд үүрээр Монголын их цэрэг гол
гатлан довтлоход Бела вангийн харуул анги үндсэн хүч нь байрласан
газар давхин ирж, энэ тухай мэдээлсэн байна. Гэвч монголчууд
удалгүй араас нь нэхэж ирэв. Эрхий мэргэн харваачид суман
бороогоор ургах нарыг халхалж, үй олон сум исгэрэн шаагих
чимээнээр IV Бела вангийн 65 мянган цэрэг сэржээ.