Page 156 - Бат хааны байлдан дагуулал
P. 156
тогтносон Мажарын вант улс үгүй боллоо хэмээн Баварийн түүхч
тэмдэглэсэн байдаг[205]. Мажар нутаг монголчуудын бүрэн мэдэлд
нэгмөсөн шилжлээ хэмээн европын ван, ноёд үзэж, эмгэнэн гашуудаж
байв.
Европын ард түмнүүдийн зоригийг мохоох, эсэргүүцэл үзүүлэх
хүслийг нь дарах зорилгоор монголчууд айлган сүрдүүлэх бодлогоо
хэрэгжүүлжээ. Сплитын Фома: «Татарын үй олон цэрэг
Трансильванийг цөлмөн хоослоод, мажаруудыг Дунай мөрний хавь
орчмын нутгаас таягдан хөөж, тэндээ зун, өвлийг өнгөрөөхөөр
тухлав. Дунайн нөгөө эрэг дээр аж төрж буй хүмүүсийг айлгахын
тулд тэд голын эрэг дээр алагдсан хүмүүсийн цогцсоор олон олон
овоо босгосон байна»[206] гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.
Ялагдсан Бела ван Сегед хотод удсангүй. Өөрт нь үнэнч үлдсэн цөөн
тооны албатаа дагуулан тэрээр эхлээд Хорватын Загреб хотод нуугдав.
Тэр үед Далмацийн нэг хэсэг байсан Хорват нь Мажарын вант улсын
бүрэлдэхүүнд ордог байв. Загребт тэрээр 10 сар болохдоо хамаг үйл
ажиллагаагаа монголчуудад няцаалт өгөхөд чиглүүлж, Европын бараг
бүх хаан, ван луу, тэр ч байтугай Ромын пап лам руу элч довтолгожээ.
Магадгүй, Бела урьд нь хэзээ ч ийм завгүй байгаагүй байх. Бела
тэдэнд бичсэн захидалдаа хүчээ нэгтгэж, монголчуудын эсрэг нэгэн
зэрэг хөдлөхийг санал болгосон юм. Гэвч айж чичирсэн хаад, вангууд
Белад ямар ч тусламж үзүүлсэнгүй. Гагцхүү Ромын пап лам Белад
өөрийн ивээлээ хайрлаж, буруу номтнуудын эсрэг боссон хүн бүрийн
нүглийг хэлтрүүлэхээ Есүс Христийн газар дээрх биет төлөөлөгчийн
хувиар амлажээ.
Хамгийн жигтэй нь сүүдрээсээ өөр нөхөргүй шахам үлдсэн Бела л
монголчуудтай нэгийгээ үзэх хүслээр буцалж байлаа. Харин алдах
юмтай хаад, вангууд Белагийн шийдэмгий занг ерөөсөө ч ойлгохгүй
байв. Арга ч үгүй биз. Монголчуудын эсрэг зэвсэглэн хөдөлсөн
тохиолдолд өөрсдийг нь Генрихийн байг гэхэд Белагийн хувь тавилан
хүлээж байгааг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан юм.