Page 154 - Бат хааны байлдан дагуулал
P. 154
Австрийг зорьсон байна. Учир нь монголчуудыг ирэхээс өмнө тэрээр
гэр бүлээ Австри луу амжиж гаргасан байв.
Уйтгар гунигтаа дарагдсан ванг Фридрих Бабенберг өөрийн биеэр
угтсан байна. Ганцхан сарын дотор эцэг өвгөдийнхөө газар шороог
алдаж, цагаач болсон ванг харсан хэний ч зүрх шимширмээр. Харин
Фридрихд л өрөвдөх сэтгэл төрсөнгүй. Бела ямар хөөрхийлөлтэй
байдалд орсныг ойлгонгуут тэрээр хандлагаа эрс өөрчилж, аль 1235
онд Мажарын талийгаач ван II Андрашийг Австрийн нийслэл
Венагийн өмнө ирэхэд төлөөс төлснөө «санаж», 10 мянган марк
олгохыг тулган шаарджээ. Мэдээж, амь зулбан зугатах мориноос өөр
юмгүй болчихоод байсан Бела арга буюу Мозон (Визельбург), Шопрон
(Эдельбург), Лочманд (Лутцманнбург) гэдэг баруун гурван мужаа
тэрхүү төлбөрийн оронд Фридрихд өгчээ. Фридрихийн савраас
мултрангуут Бела гэргийгээ аваад, Сегед рүү хөдөлсөн байна. Үүний
зэрэгцээ тэрээр Вайцений хамбыг Ромын пап лам, Германы эзэн хаан
руу илгээж, Австрийн герцог загалмайтны ёс зүйд харш авир
гаргасныг «уламжилжээ».
амташсан хэрээ арван гурав гэгчээр Фридрихийн шунал улам гаарч,
тэрээр Белаг явсны дараа Братислав, Рааб хотыг цэргийн хүчээр
эзэлсэн байна. Гэвч удалгүй нутгийн иргэд бослого дэгдээж, Австрийн
гарнизоныг устгажээ[200].
Буда, Пештийг унасны дараахан Варадин, Арад, Перег, Егрес,
Темешвар, Дьюлафехервар зэрэг хот монголчуудын гарт орсон байна.
Энэ дашрамд өгүүлэхэд, ялагдсан ард түмнээс уламжлагдан ирсэн
домог, хууч яриа үнэхээр түүхэн баримт болж чадах уу? гэдэг асуултад
дараах зүйл тодорхой хариулт өгнө. Дээр дурдсан Варадин хотыг
авахад Бат хаан өөрөө алагдсан гэж Мажарын нэгэн сурвалж бичигт
өгүүлсэн нь бий. Үүнээс санаа авч, XIV зууны дунд үед Оросод
«Батый алагдсан тухай тууж» зохиогдож байжээ[201]. Смоленскийн
Меркурийгийн тухай домгийг ямар нэг байдлаар санагдуулж байгаа
биз?