Page 150 - Бат хааны байлдан дагуулал
P. 150
Бела ван хураасан бүх цэргийнхээ хамт Буда, Пешт хотуудад нуугдсан
байна. Дунай мөрний хоёр эрэгт сүндэрлэх эдгээр хот тухайн үеийн
хэмжүүрээр сайтар бэхлэгдсэн, удаан хугацааны бүслэлтийг дааж
чадахуйц хэрэм байлаа. Монголчууд асар хурдтай давшиж, 1241 оны
гуравдугаар сарын 15 гэхэд Буда, Пештэд тулж очжээ. хотоос гарч
тулалдахыг Бела ван хатуу хориглосон ч Колочийн их хамба Уголин
гуравдугаар сарын 16-нд өөрийн цэргийн хамт гарч тулалдаад,
отолтонд орж, бүрэн ялагдсан байна. Тэрээр гурав-дөрөвхөн цэргийн
хамт л эргэж иржээ.
Ихэр хотын өмнө майхнаа шааснаар Бат хаан байлдааны ажиллагаагаа
хязгаарласангүй. Монголчуудын жижиг жижиг анги салбарууд хотын
орчин тойрныг түймэрдэж, Ерлау, Кевешд хотхонуудыг байлдан
эзэлсэн байна.
Энэ үеэр Бела ван өөрт нь туслахаар ирсэн Австрийн герцог Фридрих
Бабенбергтэй маргасан байна. Бела фридрихийг үг дуугүй захирагдаж
байхыг шаардсанд цаадах нь эгдүүцэж, цэргийнхээ хамт нутаг буцжээ.
Голын хоёр эрэг дээрх том хотыг бүслэн хаахад ихээхэн хүндрэлтэй
байв. Тиймээс Бат хаан хэд хоног саатсаны дараа шалгарсан арга мэхээ
хэрэглэжээ. Монголчууд амжилтгүй дайралтынхаа дараа ум хумгүй
ухрахад Бела ван хууртаж, бүхий л цэргийнхээ хамт араас нь нэхсэн
байна. Монголчууд Тисса мөрөнд цутгадаг Сайо (Шайо) гол хүртэл
зургаан өдрийн турш «зугтжээ». Сайогийн эрэг дээрх Моха тосгоны
ойролцоо Бела ван Чехийн таборитуудын адил тэрэг холбон бэхлэлт
хийж, мянган цэргээр сахиулан буудалласан байна. Энэ гүүрээс өөр
газраар монголчууд гол гаталж чадахгүй гэж Бела үзэж байв.
Тэднийг Бат хаан хараад сэтгэл ханасан янзтай: «Эд нар миний гараас
мултрахгүй. Хотонд байгаа хонь шиг нэг газар бөөгнөрчихжээ!»
хэмээн уулга алдсан гэдэг[195].
Монголын армийн гарамгай ялалт болж түүхэнд үлдсэн энэхүү
тулалдааныг цэргийн түүх судлаач, дэслэгч генерал Ш. Жадамбаагийн
редакторлаж хэвлэлд бэлтгэсэн, Монголын байлдан дагуулалд шинэлэг