Page 162 - Бат хааны байлдан дагуулал
P. 162
Эл жижиг анги юунаас ч эмээлгүй давшин Венагийн ойрмогхон ирээд
байхдаа австричуудтай зэвсэг зөрүүлсэн байна. Австричууд хүн
хүчээр түрж, монголчуудыг элдэн хөөсөн бөгөөд Венаас 40-өөд км-
ын зайд орших Нейштадт хотын орчим найман хүн олзолжээ. Хамгийн
гайхалтай нь тэдгээрийн нэг нь англи хүн байв. Энэ тухай Ж. Мэн
тодорхой өгүүлсэн нь бий[214].
Роберт хэмээх түүнийг Бат хаан энэ явдлаас өмнө Бела ван руу илгээж
бууж өгсөн тохиолдолд байлдааны ажиллагаагаа зогсоох тухай
мэдэгдэж байжээ. тэрээр 1215 онд Английн Жон вангийн эсрэг боссон
язгууртнуудыг толгойлсон Фитц-Уолтерын лам байв. Язгууртнуудад
ихээхэн эрх дарх олгосон харти гэгчийг ван баталснаар энэхүү бослого
өндөрлөсөн юм. Тодорхойгүй шалтгааны улмаас Англиас хөөгдсөн
тэрээр Палестин рүү дүрвэж, мөрийтэй тоглоомонд донтож үгээгүй
хоосроод гуйлганчилж эхэлжээ. Энд тэнд хэрэн хэсүүчилж байхдаа
олон хэлд нэвтэрхий болсон Робертыг Чингис хааны туршуул,
Хорезмын талаар нууц мэдээлэл цуглуулдаг нэгэн лалын шашинт
худалдаачин өөд нь татаж, дэргэдээ авсан байна. Тэр цагаас хойш
Роберт хорь гаруй жил Монголын хаадад хүчин зүтгэжээ. Гэвч энэ
удаад Робертыг аз нь хаяж, австричууд түүнийг урвагч хэмээн цаазаар
авсан байна. Түүний ярьсан энэхүү ер бусын түүхийг Нарбонн хотоос
гаралтай Иво хэмээх франц лам тэмдэглэн авсан байдаг.
1241-1242 оны өвөл Бат хаан орон нутгийн шинжтэй даалгавар
гүйцэтгэж яваа тархай бутархай ангиудаа татаж, Дунай мөрнийг
гатлан тухайн үеийн Мажарын нийслэл Эстергомыг бүсэлжээ. Зүүн
Европын хамгийн том хотын нэг болох Эстергом сайтар бэхлэгдсэн
төдийгүй, хавь ойрын бүх хүн тэнд хоргодсоноор ихээхэн хэмжээний
хүч хуримтлагдсан байв. Монголчууд олзны хүмүүсийг дайчилж,
хотыг тойрсон гуу жалгыг элс, шороогоор дүүргүүлээд, 30 оньсон
зэвсгээр өдөр шөнөгүй буудаж эхлэв.
Дайсны хотыг бүслэн хаах ажиллагаанд монголчууд 1211 оноос
гадаадын (эхлээд хятад, дараа нь лалын) мэргэжилтнүүдийг өргөнөөр
ашиглаж эхэлжээ[215]. Ер нь хятад инженерүүд Монголын хаадыг
бүхий л аян дайнд нь дагалдан явж, Ази, Европын олон хотыг эзлэн