Page 164 - Бат хааны байлдан дагуулал
P. 164
Пап ламын талынхан ч мөчөөгөө өгөлгүй «эзэн хаан татаруудтай
хэлэлцээд, эл түрэмгийллийг зохион байгуулсан /…/ тэрээр
загалмайтны шашинг бүрмөсөн мөхөөх хуйвалдааныг бэлдэж буй
зохисгүй атгаг санаагаараа Люцифер, эсвэл Антихристтэй адил
юм»[218] гэж хариу барьжээ.
1242 оны эхэн үеийн Европын байдлыг Г. Лэмб дараах байдлаар
ерөнхийлөн тоймлосон байдаг: «Бела ван, Францын Гэгээн Людовик
[Луи] мэтийн ямар ч чадваргүй хүмүүсээр удирдуулсан, гагцхүү бөөн
бөөнөөрөө л байлдаж дайтах чадвар бүхий европын армиуд хэчнээн
эрэлхэг зоригтой байгаад ч хоёр тив дамжин бүх насаараа байлдаж
дайтаж яваа Сүвэдэй, Мөнх, Хадан нарын хашир туршлагатай
жанжнуудаар толгойлуулсан асар хурдтай манёврлаж дадсан
монголчуудыг ялан дийлэх ямар ч чадваргүй байсан юм»[219].
Бат хаан Францын ван Луид элч довтолгож, «Мөнх хөх тэнгэрийн
нэрийн өмнөөс. Луи ван чи надад дуулгавартай байж, энхийг
эрхэмлэж байна уу, дайныг хүсч байна уу гэдгээ ёслол төгөлдөр
мэдэгдэхийг бид шаардаж байна. Мөнх тэнгэрийн эрхшээл биелж, хүн
төрөлхтөн намайг эзнээ гэж хүлээн зөвшөөрсөн тэр үед газар дэлхий
дээр амгалан тайван байдал тогтож, бид өөрсдийнх нь төлөө юу
хийснийг жаргалтай ард түмнүүд харах болно. Хэрэв чи тэнгэрийн
зарлигийг зөрчиж, газар нутаг чинь хол, уул нурууд чинь өндөр, далай
тэнгис чинь гүн учир биднээс айхгүй гэж хэлж зүрхэлвэл хэцүүг
хялбарчилж, холыг ойртуулагч Бурхан тэнгэр чамд бидний юу хийж
чадахыг үзүүлээд өгнө» гэсэн захидал илгээжээ. Эзлэгдээгүй орны
ванд ийм агуулга, найруулга бүхий, тулган шаардсан өнгө аястай
захидал илгээснийг Э.Хара-Даван Евразийн нэг өнцгөөс бараг нөгөө
өнцөг хүртэл довтолсон монголчуудын ялан дийлэгч сэтгэл зүйтэй
холбож тайлбарласан байдаг[220].
Бат хаан Сербид байрлаж, Острогон, Белград, Весприм, Жур хотуудын
эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлээд байхдаа Өгөдэй их хаан таалал
төгссөн тухай мэдээг 1242 оны зун авсан байна. Толгой мэдэн
ганцаараа шийдвэр гаргах эрхгүй учир Бат хаан Алтан ургийнхан
болон түмт, мянгатын ноёд нарыг хуралдуулж, зөвлөлджээ. Аян