Page 187 - Бат хааны байлдан дагуулал
P. 187
нэгдсэнээр худалдаа арилжаа, зам тээвэр, гар урлал, соёл урлаг
хөгжсөн[264] гэж үзэх болжээ.
Зарим нэг бүтээлээс иш татъя. Монголчууд «/…/ Өрнө, Дорныг
зааглаж байсан хилийг арилгаж, эдгээрийн хооронд эдийн засгийн
болон соёлын харилцаа тогтоход саад болж байсан хэрэм, цайзуудыг
газартай тэгшилснээр Өрнө, Дорны харилцаа цэцэглэжээ». Чингис
хаан Хятадыг «нэгтгэсэн нь урт удаан хугацаагаар үргэлжилсэн
бөгөөд чухал ач холбогдолтой, харин нураан сүйтгэсэн нь түр зуурын
үзэгдэл байсан бөгөөд хоёрдогч ач холбогдолтой байв. Эвдэн
нураасны үнэ цэнэ нь нэгдэл байлаа»[265].
Хятадын түүхчдийн дүгнэлтийг Оросод ч шилжүүлж болох юм.
Үнэхээр, Бат хааны түрэмгийлэл Орос оронд эвдрэл сүйрэл авчирсан.
Монгол-татарын талхи гэхээр л ямар ч орос хүний хилэн бухимдал
буцалдаг. Энд нэг сонирхолтой жишээ татахад монголчууд Козельск
хотыг бүслэн хааж байхдаа хавь ойрын ард иргэдийг техникийн ажилд
дайчилж байсан юм. Тэгвэл козельскчууд тэднийг урвагч гэж үзэн
яддаг бөгөөд өөрсдийн охид, хөвгүүдийг ойр орчмын тосгодоос
ханиа сонгохыг эрс хатуу хориглосоор XXI зуунтай золгоод байна.
Гэхдээ асуудалд бодитой хандаж, монгол гэхээр л бүдүүлэг алуурчин,
дээрэмчин гэсэн уламжлалт хандлагаас хазайж, асуудалд өөр өнцгөөс
үнэлгээ өгөхийг оролдъё. Монголчуудыг ирэхээс өмнө олон арван том
жижиг ванлигт хуваагдсан байсан Орос орон дотоодын хямрал зөрчил,
дайн дажинд нэрвэгдэж, мөн л хот суурин сөнөж, хүн ам үхэж
үрэгдэж байсан нь түүхэн үнэн. Өнөөх л материаллаг хийгээд оюуны
соёлын үнэт зүйл устаж байв. Эрх мэдлээ булаацалдсан вангууд эх
орноо юман чинээ бодохгүй тэмцэлдэж байсныг Оросын түүхчид
үгүйсгэж чадах уу? Ийм байдалтай Орос орон хөгжөөд, Европтой эн
зэрэгцэх байсан гэж үү? Бат хааны түрэмгийлэл үнэн хэрэгтээ эвдрэл
сүйрлийнхээ цар хүрээгээр Оросын вангуудын дотоодын хямрал,
тэмцлээс нэг их хэтрэхээргүй байсан[266] гэж үздэг түүхчид ч
байдгийг бодолцох хэрэгтэй.