Page 184 - Бат хааны байлдан дагуулал
P. 184
Бат хааны аян дайны ач холбогдол, үр дагавар
Нэг үе монголын байлдан дагуулалтай төдийгүй, Монголтой
холбоотой бүхнийг хараар будаж, эрс хатуу шүүмжилж байлаа. Үүний
тод жишээ болгон XVII зууны үеийн Францын түүхч Ж. Де Гинь: «/…/
Ямар ч соёлгүй, бүдүүлэг, зэрлэг энэ угсаатан [монголчууд] харь улс
орнууд руу эд баялгийг нь цөлмөх, хүн ардыг нь боолчлох, зэрлэг
бүдүүлэг ахуйгаа тулган хүлээлгэхийн тулд л халдан довтолсон юм»
гэснийг дурдаж болно.
Харамсалтай нь XVII зууны түүхчийн бичсэнийг сохроор дагагчид
цөөнгүй байлаа. Пролетарийн интернационалист гадаадын судлаачид
төдийгүй, манай түүхчид хүртэл намын заавраар феодалын үеийн
Монголын тухай бичихдээ хар өнгийг сонгосон байв. Цаг үе нь тийм
байсан болохоор тэдэнд буруу өгөх аргагүй. Харин одоо бид ямар нэг
үзэл сурталд баригдалгүй Монголын байлдан дагуулалд, тэр дотроо
Бат хааны аян дайнд объектив үнэлгээ өгч чадах юм. XIII зууны үеийн
байлдан дагуулал Монголын түүхийн хойморт залрах билээ. Байлдан
дагуулсан ард түмний тоо, булаан эзэлсэн газар нутгийн талбайгаар
бус, гагцхүү морь унасан хүний хийж чадах зүйл, хүрч болох цэгээс
илүү ихийг гүйцэлдүүлж чадсан учир тэр.
Бат хааны аян дайны үр дагаварыг шууд амссан Оросод өдгөөг хүртэл
эрс сөрөг хандлага давамгайлж байдаг. Монголтатарын талхийг
оросууд өөрийн түүхийн хамгийн хар дарсан үе гэж үздэг. Гагцхүү
тэрхүү талхинаас болж Орос орон нийгэм-эдийн засгийн хөгжлөөрөө
Европын улсуудаас хоцорсон гэж Зөвлөлтийн, Оросын түүхчид санал
нэгтэй үздэг.
Тухайлбал, Т.С. Георгиева «Оросын соёлын түүх» бүтээлдээ энэ
тухай: «Монгол-татарын түрэмгийлэл хийгээд татарын талхины зуу
зуун жил (1238-1480) бараг газар сайгүй Оросын соёлын хөгжлийг
саатуулсан юм /.../ Орос хүмүүс энэ үед мөн ч их зовлон амссан даа.
/.../ Монгол-татарын түрэмгийллийн дараа XIII зуунд хамаарах
материаллаг хийгээд оюуны соёлын дорвитой ямар нэг дурсгал бидний