Page 34 - Бат хааны байлдан дагуулал
P. 34
Хархорины түшмэд Бат-Сарайд ирж хүн амын тооллого хийсэн байна.
(Тэр үед Бат-Сарай бол 75 мянган хүн амтай, 36 хавтгай км талбайтай
сүрлэг сайхан хот байв.) Түүнээс гадна Иран руу дайлаар мордсон их
хааны дүү Хүлэгүд Бат цэрэг өгч тусалжээ. Хариуд нь Ижил мөрний
Булгар, Орос, Кавказын улсуудын бодлогыг тодорхойлох, чиглүүлэх
Бат хааны эрхийг Мөнх хаан хүлээн зөвшөөрсөн байна. Харамсалтай
нь энэхүү статус-кво удаан оршин тогтноогүй бөгөөд Бат, Хүлэгү
нарыг нас барсны дараа үр ач нар нь Кавказ, Бага Азиас болж дайтаж
эхэлсэн юм[11].
Яваандаа Мөнх, Бат нарын хоорондын харилцаа хөндийрч эхлэв.
Төвөөс зугатах, төв рүү тэмүүлэх хоёр хүч нэг зүгт, нэг чигт байх
боломжгүй учир арга ч үгүй биз. Гэвч аль аль нь алсын хараатай
төрийн зүтгэлтэн байсан болохоор Их Монгол улсыг задраах
болчимгүй алхам хийсэнгүй. Бат ч Мөнхийг, Мөнх ч Батыг хүндэтгэж
буйгаа ил тод илэрхийлсээр байв.
Үүний нэгэн тод жишээг бид Г. де Рубрукаас олно. Түүнийг их хааны
ордонд айлчилж байхад нь Мөнх хаан: «Наран туяагаа хаа сайгүй
цацраадгийн адил Бат бид хоёрын эзэмшил газар бүр дэлгэрчээ»[12]
гэж айлдсан байдаг.
Бат хааны хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Түүний ач Мөнх-
Төмөр хааны үед (1266-1280 онд төр барьсан) Алтан орд бүрэн
тусгаар улс болжээ. Хэдийгээр Бат хааны үед Алтан Ордны улс
өөрийн зоосыг цутгаж эхэлсэн ч их хаадын нэрсийг (эхлээд Мөнх,
дараа нь Ариг-Бөх) сийлдэг байв. гагцхүү 1267 онд Мөнх-Төмөр хаан
өөрийн нэр бүхий зоос цутгаж байхыг зарлиг болгожээ. Энэ бол
Алтан Ордны улс Их Монгол улсаас туурга тусгаар болох анхны алхам
байлаа[13].
Харин энэ явдлаас хоёр жилийн дараа Алтан Орд бие даасан улс
болсон гэж М.Г.Сафаргалиев үздэг[14]. 1269 онд Талас мөрний
хөвөөнд болсон хуралдайд Зүчи, Цагадай, Өгөдэйн улсын захирагчид
цугларч, бие биеэ туурга тусгаар хаад хэмээн хүлээн зөвшөөрч,