Page 66 - Бат хааны байлдан дагуулал
P. 66
билгээрээ тасархай байсныг судлаачид нэгэн дуугаар хүлээн
зөвшөөрдөг[56].
Тухайлбал: судлаач Л. де Хартог: «Сүвэдэй жанжны энэхүү амжилтад
оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй бөгөөд Орос төдийгүй, Төв
Европт хийсэн аян дайн нь тэр чигтээ түүний удирдлага дор болсон
гэж хэлж болно. Хэдий түүнийг нас дарсан байсан ч тэрээр цэргүүдээ
ухаалгаар удирдаж чадсан юм. Батын тэргүүн удирдагч байсан нь нэр
төдий зүйл байсан бөгөөд жинхэнэ удирдлага Сүвэдэйн гарт байсан
гэж үздэг»[57].
«сүвэдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн
хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах
ихээхэн түвэгтэй үүргийг хүлээсэн юм»[58].
Бат хааны аян дайн эртнээс сайтар төлөвлөгдсөн, аанай л Чингис
хааны дайны адил төгс боловсруулагдсан байлаа. Чингис хааны
удирдлага доор цэргийн эрдмээ төгөлдөр болгосон Сүвэдэй, Бурундай
зэрэг жанжин Орос, Европт хийх байлдааны ажиллагааны
төлөвлөгөөг боловсруулж, эгзэгтэй мөчид төлөвлөгөөгөө хэрхэн
цаг үеийн шаардлагад нийцүүлж өөрчлөхөө ч бас бодолцсон байв.
Энэхүү төлөвлөгөө газар зүйн болон бусад нөхцөл байдалтай
нарийн уялдсан байлаа.
Ер нь Бат хааны аян дайн Чингис хаан Хорезмыг дайлаар мордсонтой
тун ч төстэй. Олон тооны мэргэжлийн тагнуул туршуул Орос,
Европын орнуудын цэрэг-стратегийн байдлыг хөндлөн гулд судалж,
Бат хаан, Сүвэдэй баатар нар үзээгүй, учраагүй дайснаа урьдаас
мэдэж байлаа. Сүвэдэй венеци иргэдээр дамжуулан Европын
нийгмийн бүх давхаргынхантай холбогдсон байв[59].
Их Монгол улсын үеийн тагнуулын үйл ажиллагааны тухай
сонирхолтой судалгаа нийтлүүлсэн М.Цогтоо: «Монголын их гүрэн
Орос, Зүүн Европыг байлдан дагуулахад уламжлалт цэрэг-тагнуулын
үйл ажиллагааг нэн өргөн хүрээтэй болгон явуулжээ. Дайсныхаа
байлдах арга ухаан, зэвсэглэл, хүчин чадлын талаар чухал мэдээлэл