Page 70 - Бат хааны байлдан дагуулал
P. 70
цэргүүд хийгээд хотууд өөр хоорондоо нэгдэхийг хүсээгүй бөгөөд
ганц нэгээрээ эсэргүүцэл үзүүлж байсан бөгөөд мэдээж энэ нь хагас
сая байлдагчтай Батын армийг яаж хүчрэхэв. Учир нь энэхүү
түрэмгийлэгч ялагдсан ард түмнүүдээр эгнээгээ бэхжүүлсээр өөрийн
армийг улам бүр үржүүлж байсан билээ»[66] гэж бичжээ.
С.М. Соловьёв арай бага тоог заасан байдаг. Түүний тэмдэглэснээр Бат
хаан 300 мянган цэргийн хамт Баруун зүгийг зорьжээ[67].
Хаант Оросын үеийн судлаач, дэслэгч генерал М.И. Иванин
монголчууд аян дайнаа 164 мянган цэрэгтэй эхэлсэн ч Зүүн Европт
цөмрөн ороход тэдний тоо 600 мянгад хүрсэн гэжээ. Үүнд дайчдаас
гадна тэдэнтэй нийлсэн дэл сул хүмүүс, техникийн ажил хийдэг
олзныхныг тэрээр хамруулсан байдаг[68].
Зөвлөлт-Оросын түүхч В.В. Каргалов бичихдээ: «Хувьсгалын өмнөх
[Оросын] түүхчдийн зааж байгаа 300 мянга гэсэн [Монголын цэргийн]
тоо нь маргаантай бөгөөд хэт дэгсдүүлсэн юм. Бат хааны удирдлага
доор байсан цэргийн тоог мэдэж болох мэдээлэл Персийн түүхч Рашид
ад-Дины зохиол “Судрын чуулган”-д бий. Түүхийн энэхүү
дэлгэрэнгүй зохиолын нэгдүгээр ботид Чингис хааныг насан өөд
болсны дараа үлдсэн монгол цэргүүдийг Чингисийн удмын хаадад
хэрхэн хуваарилсан тухай дурдсан байдаг. Монголын их хаан өөрийн
хүүхдүүд, дүү нар, төрөл төрөгсдөд ердөө л “зуун хорин есөн
мянган” цэрэг эр үлдээжээ. Рашид ад-Дин зөвхөн монгол цэргийн
тоог заагаад зогсоогүй, Чингисийн удмын хэн нь хэдэн мянган цэрэг
авсныг бас дурдсан юм. Иймээс Батын аян дайнд ямар хаад
оролцсоныг мэдвэл, тэдэнтэй хэчнээн монгол цэрэг хүрэлцэн ирснийг
барагцаалан тогтоож болно. Ингэхэд ойролцоогоор 40-50 мянга гэсэн
тоо гарна. “Судрын чуулган”-д зөвхөн цэвэр монгол угсааны
цэргүүдийн тухай өгүүлсэн билээ. Тэд нараас гадна монгол хаадын
армид эзлэгдсэн орнуудын өч төчнөөн цэрэг байсныг санах хэрэгтэй.
Плано Карпини Батын бүх цэргийн 3/4 нь эзлэгдсэн орнуудаас
дайчлагдсан цэрэг байсан гэж бичсэн байдаг. Тийм учраас Оросын
вант улсууд руу довтлоход бэлтгэж байсан цэргийн тоог 120-140 мянга
гэж барагцаалан хэлж болно. Энэ тоог дараах төсөөллөөр бататгаж