Page 73 - Бат хааны байлдан дагуулал
P. 73
техникийн ангид алба хашиж байсан хятадууд байв[76] гээд ямар
үндэслэлээр ингэж үзэж буйгаа тайлбарлаагүй юм.
Түүхч Л. де Хартог «Дэлхийг эзэгнэгч Чингис хаан» бүтээлдээ:
«Түүний [Бат хааны] арми 50 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй байсан
бөгөөд түүний гол хүч нь болж баруун зүгийг зорьжээ. Өгөдэйн
тушаалаар бусад хэсгээс нэмэлт хүч мөн илгээв. Батын нийт цэргийн
тоо 120 мянга байсан гэж үздэг. Таамаглаж байгаагаар, цэргийн
дийлэнх хэсэг нь түрэгүүд байсан бөгөөд удирдлага нь монголчуудын
гарт байсан гэдэг»[77] гэж тэмдэглэсэн байдаг.
Э. Хара-Даван, М. Берган, XIII зууны үеийн Монголын түүхийг
судалж, Чингис хаан, Хубилай хааны тухай сонирхолтой ном бичсэн
АНУ-ын түүхч Жон Мэн, Английн судлаач Ж.Ж. Саундерс, АНУ-ын
түүхч Ж. Ведерфорд нар Орос орныг байлдан дагуулахаар хөдөлсөн
Бат хааны арми 150 мянган дайчинтай байсан гэж бичсэн байдаг[78].
Монгол цэргийн тоог 1941 онд хэвлэгдсэн «ЗХУ-ын түүх»-д 50
мянга[79], жаран жилийн дараа хэвлэгдсэн «Оросын түүх»-д 70
мянга[80] гэж заасан байдаг.
Ер нь сүүлийн үеийн Оросын судлаачид гол төлөв 60-70 мянга гэсэн
тоог заадаг. Тухайлбал: Б.В. Соколов «Зуун аугаа дайн» бүтээлдээ
Рязань хотыг Монголын 60 мянган цэрэг бүслэн хаасан[81] тухай
өгүүлжээ. Рязань бол монголчуудын хөлд хамгийн түрүүнд өртсөн
Оросын хот учир энэ нь Бат хааны мэдэлд нийтдээ зургаан түмэн
цэрэг байсан гэсэн санаа юм.
2003 онд хэвлэгдсэн «Эх орны түүх» хамтын бүтээлд Монголын арми
70 мянган цэрэгтэй байсан гэжээ[82].
XIII зууны Оросын түүхийг нухацтай судалсан Г.В. Вернадский Бат
хааны цэргийн цөмийг бүрдүүлж байсан монголчууд 50 мянга, тэдэнд
нэгдсэн бусад үндэстэн, ястнаас бүрдсэн нэгтгэлүүд болон туслах
ангиуд 70 мянга, нийлээд 120 мянган хүн байсан гэжээ. Гэхдээ дайнд
хамрагдсан газар нутаг асар өргөн байснаас нэг удаагийн байлдааны