Page 74 - Бат хааны байлдан дагуулал
P. 74
ажиллагаанд 50 мянгаас илүүгүй цэрэг оролцож байсан[83] гэж тэрээр
тайлбар хийсэн юм.
Нэрт эрдэмтэн Лев Гумилёв: «Баруун зүгт дайтахаар хуримтлуулсан
монголчуудын хүч их биш байлаа. Нийт 130 мянган цэргийн 60 мянга
нь Хятадад тогтмол алба хашиж байв. 40 мянган цэрэг лалын
шашинтнуудын бослогыг дарахаар Перс рүү явсан, харин 10 мянган
цэрэг их хааны дэргэд байнга байж байв. Харин аян дайнд ердөө 20
мянган цэрэг л мордох боломжтой байжээ. Энэ нь хангалтгүйг
ойлгосон монголчууд шуурхай цэрэг татлага явуулж, өрх бүрээс том
хүүг нь дайчилжээ. Гэлээ ч баруун зүг рүү хөдөлсөн цэргийн тоо 30-
40 мянгаас нэг их хэтрэхгүй л байсан болов уу. Учир нь хэдэн мянган
км замыг ганц мориор туулна гэж байхгүй. Тиймээс цэрэг бүр уналгын
мориноос гадна ачааны морьтой байв. Ядарсан, эсвэл тусгай
сургуульгүй мориор тулалдаанд орох нь өөрийгөө егүүтгэх гэснээс
өөрцгүй учир байлдааны морь хэрэгтэй. Мөн хотыг бүслэн хаахад
хэрэглэдэг техникийг зөөх морьд шаардлагатай. Улмаар цэрэг бүр
хамгийн багаар бодоход 3-4 морьтой, тэгэхээр 30 мянган цэрэгтэй арми
100 мянгаас цөөнгүй морьтой байх ёстой байв. Ийм тооны адууг хээр
талыг туулахдаа тэжээх нь ихээхэн хүндрэлтэй асуудал. Хоол хүнс
болон адуунд шаардагдах тэжээлийг авч явах боломжгүй юм. Тиймээс
баруун зүг рүү хийсэн аян дайнд оролцсон цэргийн тоо 30-40 мянга
байсан гэдэг нь хамгийн бодитой санагдаж байна»[84] гэж бичсэн
байдаг.
А.В. Венков, С.В. Деркач нар «Аугаа жанжнууд ба тэдний
тулалдаанууд» бүтээлдээ Бат хааны мэдэлд 30 мянган цэрэг (үүнээс 4
мянга нь цэвэр цусны монголчууд) байсан[85] гэжээ. Эдгээр судлаач
энэхүү тоог И.Я. коростовецээс зээлбэрлэж, иш татсан байж болно.
1910-аад оны үед Монголын түүхийн нэн эгзэгтэй жилүүдэд хаант
Оросоос манай улсад сууж байсан туршлагатай дипломатч И.Я.
Коростовец хожим Монголын түүхийн талаар «Чингис хаанаас
Зөвлөлтийн бүгд найрамдах улс хүртэлх» хэмээх нэг сэдэвт бүтээл
турвисан бөгөөд баруун зүг рүү 30 мянган цэрэгтэй арми илгээхээр
тогтсон гэжээ[86].