Page 71 - Бат хааны байлдан дагуулал
P. 71
болно. Чингисийн удмын хаад аян дайнд мордохдоо голдуу түмтийг,
өөрөөр хэлвэл, 10 мянган морин цэрэг захирч явдаг байв. Дорно
дахины түүхчдийн бичсэнээс үзвэл энэ дайнд Чингисийн удмын 12-14
хаан оролцсон гэж байдаг бөгөөд тэд 12-14 түмт (120-140 мянган
цэрэг) авч, Оросын ванлигуудын нутагт цөмрөн орсон байх ёстой»[69]
гэжээ. Цааш нь В.В. Каргалов: «Монгол-татарын цэргийн тоо тэдний
амжилтын үндэс болсон юм. XIII зууны үед хэдэн мянган цэрэгтэй
арми хангалттай хүч байсан учир Монголын хаадын 100 мянга гаруй
цэрэгтэй арми өрсөлдөгчдөөсөө дайчдын тооны хувьд хамаагүй
илүү хүч байлаа. Учир нь Европын феодалын хүчний ихэнх хэсгийг
нэгтгэсэн загалмайтнуудын арми хэзээ ч 100 мянгаас илүү дайчинтай
байгаагүйг бодолцох хэрэгтэй. энэ нь Оросын вангуудын тархай
бутархай цэргүүдийн дэргэд хавьгүй их хүч байв. Ийм байхад Зүүн-
Хойд Оросын феодалын вант улсууд Бат хааны шороон түмэн цэрэгт
ямар эсэргүүцэл үзүүлж чадах вэ дээ?»[70] гэж бичжээ.
Дашрамд хэлэхэд Оросын сүүлийн үеийн судлаач С. Смирнов Оросын
ванлигууд нийлбэр дүнгээрээ 100 орчим мянган мэргэжлийн цэрэг, 500
орчим мянган журамт цэрэг гаргах бололцоотой байсан гэж үзсэн
юм[71].
Өөр судлаачдын байр суурийг сонирхъё.
Н.Ц. Мункуев Монголын үе үеийн аян дайнд оролцож байсан
цэргүүдийн тоог судлаад Бат хааны мэдэлд 139 мянган цэрэг байжээ
гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг[72]. Түүний тэмдэглэснээр, тухайн
үед монгол туургатан 139 мянган өрхөөс бүрдэж байжээ. Тиймээс
хааны хөвгүүд, хүргэдийг оруулаад өрх бүр ахмад хүүгээ аян дайнд
илгээсэн учир ийм тооны цэрэг Батын удирдлаган доор төвлөрчээ.
Ер нь Зөвлөлтийн үеийн судлаачид 120-150 мянга гэсэн тоон дээр
тогтдог. Энэ тоог орчин үеийн судлаачид ч иш болгох нь бий. «Зуун
аугаа жанжин» бүтээлийг эмхэтгэгч А.В. Шишов Бат хааны удирдлага
доор 120-140 мянган цэрэг байсан гэжээ[73].