Page 67 - Бат хааны байлдан дагуулал
P. 67
цуглуулахын зэрэгцээ олон зуун туршуулаа нэвтрүүлэх, /.../ лалын
худалдаачдаас гадна Европын эзлэгдсэн болон бусад орны янз бүрийн
давхаргын хүмүүсийг элсүүлэн ашиглах, элч төлөөлөгч, тагнах,
хорлон сүйтгэх баг цэрэг илгээх зэрэг арга замаар өргөн хүрээтэй
тагнуулын үйл ажиллагааг тухайн улс орнуудын бүх талын онцлогт
зохицуулан чадварлаг зохион байгуулж байжээ. Уг үйл
ажиллагааныхаа ачаар Орос болон Зүүн Европын орнуудын цэрэг,
нийгэм, улс төр, эдийн засаг, газар нутаг, байгал цаг уур зэрэг
асуудлаар ихээхэн мэдээлэл цуглуулж, үр дүнтэй ашиглаж чадсанаар
стратегийн маш том зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог
бүрдүүлжээ»[60] гэж бичсэн байдаг.
Монголын байлдан дагууллын түүхийг судлаач, дэд хурандаа Рэнк
Ромын пап ламтай хүртэл монголчууд холбоо сүлбээ тогтоогоод
байсныг үгүйсгэхгүй гэж бичсэн байдаг. Пап лам монголчуудад
«ариун дайн зарлахгүй удаж, гагцхүү Европын ард түмэн түүнийг
Ромын [Ариун Ромын буюу Германы — Ч.Ч.] эзэн хаан руу
монголчуудыг турхирлаа гэж улайм цайм буруутгасны дараа
загалмайтны дайнд уриалсан байна»[61].
Германы эзэн хааныг пап лам «буруу номтон, бөөгийн мөргөлтөн»
болох монголчуудаас илүү үзэн ядаж, хоорондоо зөрчилдөн
хямралдаж байснаас үзвэл Рэнкийн таамаглалыг ор үндэсгүй гэж үзэж
болохгүй юм.
Аян дайнд Чингис хааны Алтан ургийн 13 хан хүү оролцсон юм.
Эдгээр нь Зүчи хааны хөвгүүд Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут;
Цагадай хааны хөвгүүн Байдар, Хайду, ач Бүри; Өгөдэй их хааны
хөвгүүд Гүюг, Хадан; Тулуй хааны хөвгүүд Мөнх, Бүжэг; Чингисийн
тав дахь хөвгүүн, Хулан хатнаас төрсөн Хүлгэн (Оросын тулгар
бичгүүдэд Кюлькан гэгддэг) нар байв.