Page 68 - Бат хааны байлдан дагуулал
P. 68
Бат хааны цэргийн тооны асуудалд
Баруун зүг дайтахаар явсан цэргийн тоо олон жилийн турш
маргаантай байж, одоо л нэг тодорхой, шүүмжлэл даахуйц болох
төлөвтэй. Үүний гол учир нь XIII-XIV зууны үеийн түүхчид
монголчуудын байлдан дагууллын шалтгааныг тэдний тоо томшгүй
олон цэргээр нэгэн дуугаар тайлбарлаж байснаас улбаатай. Тухайлбал:
мажар лам Юлиан «Монгол цэргийг дөч хуваасан ч гэсэн зөвхөн
түүний нэгэнтэй нь тэнцэх хүч дэлхий дээр хэрхэвч олдохгүй. Монгол
улс тийм үлэмж их цэрэгтэй»[62] гэж бичсэн байдаг.
Италийн жуулчин Жованни дель Плано Карпини Киев хотыг 600
мянган цэрэг бүслэн хаасан гэж тэмдэглэсэн байдаг бол Мажарын
түүхч Симон Унгар луу 500 мянган монгол-татар цөмрөн орсон гэж
бичсэн байдаг.
Татарын их цэрэг замд явахад нэг захаас нь аваад нөгөө зах хүртэл
уртаараа 20 хоног, өргөнөөрөө 15 хоног явж хүрэх талбай эзэлдэг,
тэднийг бүтэн тойроход 70 хоног өдөр шөнөгүй явах хэрэгтэй гэсэн
цуу яриа тэр үед дэлгэрсэн байв.
Нэгэнт татар гэсэн нэр томьёо гарсан болохоор энэ талаар хэдэн үг
дурдах нь зүйтэй болов уу. XIII зууны монголчуудыг гадаадын
түүхчид ерөнхийд нь татарууд, эсвэл татар-монголчууд гэж хам
нэрлэсэн байдаг. Тэгвэл энэхүү нэр томьёо хэр зөв бэ?
Төв Азийн цээжнээ өөрийн ноёрхлыг тогтоохын тулд олон жил илдээ
хуйнд нь хийгээгүй Чингис хаан татар аймгийг хиар цохиод, хожмын
өшөө хонзонгоос сэргийлэхийн тулд хасаг тэрэгний тэнхлэгээс өндөр
нуруутай татар иргэн бүрийг цаазаар авах зарлиг буулгасан юм.
Улмаар XIII зууны эхэн гэхэд татарууд угсаатны хувьд устаж үгүй
болсон гэсэн дүгнэлт хийж болно.
Ийм харгис шийдвэр гаргасныг орчин үеийн уншигч ойлгоход бэрх
байж болох ч тухайн үеийн үнэт зүйл, нөхцөл байдлын үүднээс
асуудалд хандвал өөр юм. Татарууд нэгэн үед хууль мэт мөрдөгддөг